Шууд Chart

Зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй болгоно

2024-01-20 10:16:22

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл нь 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улсын болон орон нутгийн нислэг, төмөр замаар, орон нутгийн болон улс хоорондын автобусаар 50 хувь хүртэл хөнгөлттэй зорчих шийдвэр гаргаж, нийт 230 иргэнд үйлчилгээ үзүүлсэн.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2024 оны эхний хурлаа өчигдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд хийж, 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "2024 онд нисэх онгоцны буудал, галт тэрэг, авто вокзал зэрэг тээврийн салбарын үйлчилгээ үзүүлдэг бүх газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд таатай, хүртээмжтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход манай салбар зөвлөлөөс түлхүү анхаарч ажиллана. Олон улсад нэвтэрч байгаа шинэ, шинэлэг үйлчилгээний туршлагаас суралцаж, зам, тээврийн бүх салбарт хэрэгжүүлнэ" гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр "Монгол Улсын Засгийн газар Монголд зочлох жил зорилтын хүрээнд аялал жуулчлалын салбарыг чухалчлан хөгжүүлж байна. Нисэх онгоцны буудал бол гадаадын жуулчдыг хамгийн түрүүнд хүлээж авдаг улсын нүүр царай. Үйлчилгээний салбар бүх хүнд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай байлгах ёстой. "Чингис хаан" олон улсын нисэх буудал нь дэд бүтэц, үйлчилгээний хувьд бүх талаасаа хүн бүрд хүртээмжтэй байна. Цаашид орон нутгийн нисэх буудлыг энэ жишигт хүргэж, дэд бүтцийг нь хөгжүүлэх шаардлагатай байна" гэж байр сууриа илэрхийллээ.

"Чингис хаан" нисэх буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэлийн цэг, шалган нэвтрүүлэх цэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг, амрах өрөө, хоолны газар, кофешоп, ариун цэврийн өрөө зэрэг хэрэгцээт бүх талын үйлчилгээг үнэ төлбөргүй бүрэн үзүүлж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн өнгөрсөн 2023 онд хийсэн онцлох ажлаас дурдвал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улсын болон орон нутгийн нислэг, төмөр замаар, орон нутгийн болон улс хоорондын автобусаар 50 хувь хүртэл хөнгөлттэй зорчих шийдвэр гаргаж, нийт 230 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

”МИАТ” ТӨХК Франкфурт, Хонконг, Бангкок, Бээжин, Бусан чиглэлд олон улсын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй 101 иргэнд нислэгийн тийзийн хөнгөлөлт үзүүлсэн байна. 

Зам, тээврийн салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 200 хүн ажиллаж байна. Цаашид хүний нөөцөө нэмэгдүүлж, тохиромжтой ажлын байранд сургаж, ажиллуулахыг зорьж байна.

Зам, тээврийн салбарын хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа нийслэл орон нутаг, өртөөний нийт 27 цэцэрлэгийн гадаад орчныг тохижуулан налуу шат, бариул хийж хүртээмжтэй үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлж, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн харьяа 9 цэцэрлэгт 54 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамруулж байна. Тодруулбал, 32 нь аутизмтай, 5 нь дауны хам шинжтэй, 8 нь харааны бэрхшээлтэй, 9 нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд тус тус суралцаж байна.

Улаанбаатар төмөр зам ХНН нь 2023 онд 30,1 сая төгрөгийн ажлын бээлий, мяндсан шүүр, давсан урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүн нийлүүлэх санал Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэл төв, “Ганзам байгаль” ТББ-аас ирүүлснийг худалдан авсан.

”Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны харьяа “Ярьдаг болон брайл ном хэвлэх төв”-тэй хамтран харааны бэрхшээлтэй зорчигчийн меню нэвтрүүлж, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Чингис хаан" нисэх онгоцны олон улсын буудалд хандивын “Шилэн хайрцаг” байрлуулж, орлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлах ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран эхлүүлсэн байна. 

Мөн нислэгийн үед дэлгэцээр үзүүлдэг “Аюулгүй ажиллагааны заавар”-ын бичлэгт сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж бичгэн тайлбар нэмж үйлчилгээний хүртээмжийг сайжрууллаа. 

Олон улс болон дотоодын нислэгээр зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэний суудал захиалгад код оруулан дотоодын болон гадаадын буудалд системээр харагдаж, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хаана ч хүртээмжтэй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 


Зам, тээврийн салбарын бүх үйлчилгээг хүртээмжтэй, аюулгүй болгоно  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй