
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас хойш нэг долоо хоног өнгөрөхөд АНУ-д 40 хүн хүйтний улмаас амь эрсэдсэн гэсэн мэдээлэл байна.
Сүүлийн нэг долоо хоног хүйтний эрч чангарч, цас их унаж байгаагаас Арканзас, Иллинойс, Канзас, Миссисиппи, Нью-Йорк, Орегон, Пенсильвани, Теннесий, Висконсин гэсэн есөн мужид хүмүүс осгож амиа алдсан байна.
Иргэд даарч осгохоос гадна цас их орсон газар халтиргаа гулгааны улмаас зам тээврийн ослоор өнгөрөх тохиолдол хэд хэд бүртгэгдсэнийг албанынхан мэдээлж байна.
Түүнчлэн цаг агаарын онц ноцтой үзэгдэл цаашид ч үргэлжлэх магадлалтайг АНУ-ын Муж улсуудын ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
АНУ-ын Теннесий мужийг дайран өнгөрдөг Ноксвилл хурдны зам дээр нэг ачааны машины жолооч халтиргаанд жолоодлого алдаж амь эрсэдсэн хэрэг гарчээ.
Энэ мужид мөн хүн осгох тохиолдол их байгааг мужийн түргэн тусламжийн агентлаг мэдээлж байна.
Пенсильвани мужид таван хүн мөн л жолоодлого алдаж амь эрсэджээ. Нэг долоо хоногт АНУ даяар бүртгэгдсэн эдгээр хохирлын тоо хэмжээ цаашид өсөж магадгүйг албанынхан анхааруулсаар байна.
Сүүлийн хоёр өвөл бараг цас үзээгүй Вашингтон ДиСи болон Нью-Йорк хотуудад цасан бүрхүүл тогтжээ.
Нашвилл, Лексингтон, Чарльзтон, Баруун Виржиниа зэрэг өмнө зүгийн хот мужуудад уржигдраас өвлийн анхааруулгын түвшин ассан байна.
Номхон далайн эрэг дагуу АНУ-ын баруун эргийн нутгуудаар энэ долоо хоногт хүйтэн бороо орж, салхи шуургатай байгаагаас Орегон мужид 85 мянга орчим айл өрх, албан байгууллага, үйлчилгээний төвүүд цахилгаангүй болсон мэдээлэл байна.
Замын халтиргаа гулгаа, шуурганаар унасан мод, цахилгааны шонгууд зам тээврийн ноцтой эрсдэл үүсгэж, Мягмар, Лхагва гарагт зарим замыг хаажээ.
Одоогоор зарим зам хаалттай хэвээр, хэзээ эргэж нээхийг албаны зүгээс тодруулсангүй. Хүйтний эрч амралтын өдрүүдээр үргэлжлэх тул иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд аль болох оролцохгүй байх, даарч хөрөхөөс сэргийлэхийг холбогдох албанынхан сануулж байна.
АНУ-д эрс хүйтэрч, долоо хоногийн дотор 40 хүн амь эрсэджээ | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.