Шууд Chart

БНХАУ, Узбекистан улс дипломат түншлэлээ нэг шат ахиулав

2024-01-25 17:37:44

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийг Лхагва гарагт Бээжинд хүлээн авч уулзлаа. Хоёр улсын ерөнхийлөгч улсуудынхаа дипломат түншлэлийн харилцааг нэг шатаар ахиулж, төв Азийн төмөр замын төсөл хөтөлбөр дээр илүү ойртож хамтарч ажиллах тал дээр байр сууриа солилцсон байна. Ази-Европыг холбосон худалдаа тээвэр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөс зайлсхийж байгаа энэ цаг үед Төв Азийн бүс нутгийг дайруулан төмөр зам барих нь Ази-Европыг холбосон худалдааны шинэ зам гаргаж байгаа хэрэг гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Хятад, Узбек хоёр улс урьд нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай байсан бол энэ удаагийн төрийн тэргүүн нарын уулзалтаар энэ түншлэлээ улам ахиулж, бүхий л нөхцөлд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо гэж Хятадын Шинхуа агентлаг нийтэлсэн байна. Бүхий л нөхцөлд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо гэдэг нь олон улсад болон дотоодын улс төрийн нөхцөл байдал ямар ч болж өөрчлөгдсөн бүхий л цаг хугацаанд найрсаг харилцаагаа хадгална гэсэн утгатай юм. БНХАУ Узбекистанаас гадна Беларус улстай ийм харилцаатай. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улстай түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Төв азийн төмөр замын төслөөс гадна шинэ эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгсэл, нарны зайн хураагуур, салхин эрчим хүчний станц, усан эрчим хүчний станц зэрэг сэргээгдсэн шинэ эрчим хүчний салбарт ойртож түншлэх сонирхолтойгоо илэрхийлсэн байна.

Мөн Хятад-Киргизстан-Узбекистан гурван улсыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг нэн даруй эхлүүлэх саналыг Узбекийн ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна. БНХАУ Төв Азийг дамнасан төмөр зам байгуулах талаар 1990-ээд оноос хойш ярьж байгаа ч өнгөрсөн 2022 онд ОХУ Украин руу халдан довтолж дайн эхэлснээс хойш Оросоор дамжиж ачаа тээвэрлэх нь эрсдэлтэй болсны улмаас Төв Азийн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй яриа хэлэлцээ өрнүүлж эхэлсэн. Төв Азийн галт тэрэгний сүлжээ Ази Европыг алс ирээдүйд улам дөтөлнө гэж харж байгаа юм байна. Гэхдээ одоогоор энэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд санхүү болох техник талаасаа хангалттай тодорхой болоогүй байгаа юм байна. Мөн Төв Азиас цаашаа Европ руу ачаа тээвэр ямар замаар хүрэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Төв Азиас Каспийн тэнгис, Кавказын нурууг дамнаж, эсвэл Ойрх Дорнодоор дамжиж хүрэх боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, Узбекистан улс дипломат түншлэлээ нэг шат ахиулав  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй