Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах” журмын хүрээнд 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, үргэлжилсэн сургалтын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчмыг оролцогч талуудтай хамтран тодорхойлох зорилго бүхий уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага, албан хаагчид, Сургалтын комиссын гишүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургууль, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл, Монголын хувийн Мал эмнэлгийн холбоо ТББ, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо ТББ, Мал эмнэлгүүдийн дундын хоршоо ТББ, Монгол Ви И Ти Нэт ТББ-аас нийт 40 гаруй төлөөлөл оролцлоо.
Мал эмнэлгийн ерөнхий газраас 2023 онд “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил удирдлагын систем”-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар малын эмчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчилж, малын эмч нарын тасралтгүй мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн чадамжаа ахиулах боломжийг бүрдүүлэх суурийг тавиад байна.
Өнгөрсөн онд дээрх шинэ тогтолцооны дагуу малын эмчийн итгэмжлэлийн сургалтад 844, төгсөлтийн дараах багц сургалтад 1612 эмч, мэргэжилтэнг сургалтын комисс болон сургалт эрхлэх байгууллагууд хамтран Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын баталсан хөтөлбөрөөр хамруулсан.
Мөн зөвлөлдөх уулзалтаар төгсөлтийн дараах сургалт зохион байгуулсан туршлага, сургамжийг дүгнэж, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт эрхэлсэн байгууллага, сургалтын хөтөлбөрийг сонгон шалгаруулах, тогтолцооны үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.


| Малын эмчийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын тогтолцооны оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо | ||
| Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.