ХУД-ийн 3-р хорооны оршин суугч, иргэн 35 настай эрэгтэй Э нь Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, төөрсөн, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болсон байж болзошгүй гэсэн дуудлага өнгөрөгч Пүрэв гарагийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангид ирсэн.
Аврах ангиас 9, Цагдаагийн байгууллагаас 5, ар гэрээс 6, ойн хамгаалагч 1, эрэлч нохой 1, нийт 21 хүнтэй баг эрлийн ажиллагааг 19:45 цагт эхлүүлж, 4 га талбайд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагаас тус иргэн уул руу гарсан эсэхийг мөрдөн тогтоосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж шөнийн 02:36 цагт зогсоож буцсан.
Ар гэрийн болон Цагдаагийн байгууллагын хүсэлтээр эрлийг Баасан гарагт үргэлжлүүлсэн. Аврах ангиас 12 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 3, ар гэрээс 7 нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Богдхан уулын Дугуй цагаанаас эхлэн 2 га талбайд явганаар эрлийн ажиллагаа явуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай 2 удаа хөөргөлт хийж эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах хооронд 14:25 цагт тус иргэн гэр бүлийн хүн рүүгээ гар утсаараа холбогдож ууланд байхгүй эсэн мэнд байгаа гэх мэдээллийг авч, ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 15:00 цагт эрлийн ажиллагааг зогсоов.
Аврах анги, Цагдаагийн байгууллага, ар гэр, ойн хамгаалагч, эрэлч нохойгоос бүрэлдсэн 40 гаруй хүнтэй эрлийн баг хоёр өдөр дамнан ууланд, цастай хүйтэн шөнөөр асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, шатахуун түлш зарцуулан эрэл хийж байхад иргэн Э ууланд байхгүй, өөр газар эсэн мэнд байна гэж юу ч болоогүй юм шиг гарч ирсэн.

Кэйс-2: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш "Малдаа яваад алга боллоо гэсэн дуудлагаар хайгаад шатахуун, түлш гарздаад цас ухсаар байгаад очиход саахалтындаа архи уугаад сууж байсан"-ыг мэдээлжээ.
Эрдэнэт хүний амь настай холбоотой дуудлагаар аврагчид маань цаг, минут, секундтэй уралдан гардаг хэдий ч яг энэ тохиолдолд Цагдаагийн байгууллагын дүгнэлт маш чухал юм.
Хариуцлагыг чангатгах, гарсан зардлыг өөрсдөөр нь төлүүлэх, төлбөртэй болгох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| НОБГ: Эрдэнэт хүний амь нас эрсдэх ёсгүй ч худал дуудлага төрийн тусгай албан хаагчдын үнэт цагийг үрж байна | ||
| Үзсэн: 1756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.