Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран зохион байгуулж буй “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн зааварлагч багш бэлтгэх сургалт” өнөөдөр эхэллээ. 2017 оноос Монгол Улсад зохион байгуулагдаж эхэлсэн тус сургалт дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн 4 жил завсардаад байсан юм.
Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр сургалтын талаар “Өмнө нь бид энэ төрлийн сургагч багш нарыг заавал гадны улсад сургаж, бэлддэг байсан бол 2017 оноос Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран дотооддоо сургаж эхэлсэн. Нэг сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын зардал маш өндөр байдаг. Тиймээс дотооддоо зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ч их өгөөжтэй юм. Суралцагчид энэхүү сургалтад хамрагдсанаар дотоодын үзлэгийн шалгагч нартаа зааж сургаж, үзлэгийн эрх олгохоос гадна дараа дараагийн шалгалтдаа хамрагдаж, олон улсын хэмжээнд багшлах боломж бүрддэг. Бид энэ сургалтыг ирэх жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хөтөлбөрийн зохицуулагч бөгөөд Нисэхийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон “Энэхүү сургалт нь Иргэний нисэхийн салбарт заналхийлж буй аюул заналыг илрүүлэх, үүний эсрэг зохих арга хэмжээг авах, салбарын аюулгүй ажиллагааг хангах зорилготой. Сургалтын явцад ИКАО-ын журам, олон улсын стандартын дагуу 2 удаагийн шалгалт авч, төгсгөнө. Сургалтаас гарах үр дүнгийн хувьд суралцагчдын мэдлэг, ур чадвар дээшлэхээс гадна цаашид аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр олон улсад багшлах, заах арга зүйн хувьд илүү чадамжтай болно” гэлээ.
Тус сургалт 4 дүгээр сарын 8-наас 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сургалтад Монгол улсаас 10 суралцагч, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудаас 10 суралцагч хамрагдаж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
| “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үзлэгийн зааварлагч бэлтгэх сургалт” дахин явагдаж эхэллээ | ||
| Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.