Шууд Chart

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

2024-05-02 09:34:29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
 
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байгааг дурдсан.
 
Орчин цагийн хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлэн оюутан залуучууд, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол, сэдлийг төрүүлэх, тэдний бүтээлч санаа, инновацыг сурталчлах арга хэмжээтэй өдөрлөгт оролцогчид өртөөчилсөн байдлаар танилцах боломж бүрдүүлснээрээ тус арга хэмжээ онцлог боллоо. Тухайлбал, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Залуучуудын старт ап, дижитал төслийн үзэсгэлэн, Ур чадварыг үнэлэх үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөө, Залуучууд-Зохистой хөдөлмөрийн мэдлэг, мэдээлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө, мэдээлэл, гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээлэл, ажил олгогчдын нээлттэй ажлын байр, нийгмийн халамжийн зөвлөгөө мэдээлэл гэсэн өртөөнүүд ажилласан юм гэж ХНХЯ-аас мэдээллээ.

 


“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй