Шууд Chart

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг ахиулав

2024-05-03 15:32:48

Дэлхийн эдийн засаг хэдэн сарын өмнөх төлөв таамагтай нь харьцуулахад харьцангуй хурдацтай өсөж байна гэдэг дүгнэлтийг ЭЗХАХБ өнөөдөр танилцууллаа. АНУ-д ажил хэргийн идэвх тогтвортой, бас инфляц тооцоолсноос хурдацтай буурч Төв банкуудын зорилтот хэмжээнд ойртож байгаа нь ийм нааштай төлөв гарахад нөлөөлснийг энэ байгууллагын шинжээчид дурдсан байна.

Улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац энэ онд өмнөх оны түвшиндээ буюу 3,1 хувьд хэвээр байна. Харин ирэх 2025 нд 3.2 хувийн ялигүй өсөлттэй гарна гэж ЭЗХАХБ үзжээ. Өмнө нь, 2 сард энэ байгууллага дэлхийн ЭЗ-ийн өсөлтийг энэ онд 2,9 хувь, ирэх онд 3 хувь байна гэдэг төлөв таамаг танилцуулж байсан юм байна. Инфляц харьцангуй хурдан саарч байгаа нь томоохон төв банкууд энэ оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүлж, давхар бас хэрэглэгчдийн орлого өсөхөд дөхөм үзүүлнэ гэж энэ байгууллагын шинэчилсэн дүгнэлтэд тэмдэглэсэн байна. Гэхдээ эдийн засаг сэргэх хурдац улс орон бүрээр нэлээд ялгаатай, өмнө 2,1 хувийн түвшинд барагцаалж байсан АНУ-ын өсөлтийн үзүүлэлтийг 2,6 хувь руу өсгөсөн нь Европ болон Японд нэлээд сул байгаа өсөлтийг нөхөх төлөвтэй гэж энд тэмдэглэжээ.

Харин ирэх онд АНУ-ын ЭЗ-ийн өсөлт 1,8 хувь руу буурна гэснээр, өмнөх 2 сард танилцуулж байсан 1,7 хувьд өснө гэсэн төсөөллөө ялигүй дээшлүүлсэн дүн болсон байна. Хятадын эз тэгвэл, татвар-төсөвийн бодлого зохицуулалтын дүнд мөн хурдацтай өсөж, энэ онд 4,9, 2025 онд 4,7 хувийн өсөлт үзүүлнэ гэж мөн л өмнөхөөс өсгөж тооцоолжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын ХНС өчигдөр суурь хүүгээ 5,25-5.5 хувийн түвшинд хэвээр үлдээж, цаашдаа ч сулруулах төлөв бүрхэг байна гэдэг мэдэгдэл танилцуулсан. Энэ нь тус банк өнгөрсөн оны 9 сараас хойш сүүлийн зургаан сарын туршид суурь хүүгээ хөдөлгөөнгүй нэг түвшинд барьж байгаа хэрэг болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг ахиулав  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй