Шууд Chart

Сүүлийн 20 жилд үзэгдээгүй хүчтэй соронзон шуурга дэд бүтцүүдэд нөлөөлж болзошгүй

2024-05-13 11:01:33

Дэлхий дээр сүүлийн 20 гаруй жилд болоогүй хамгийн хүчтэй цахилгаан-соронзон шуурга дэгдсэнийг АНУ, Орос, мөн Японы сансрын хүрээлэнгүүд мэдээлж байна. Тухайлбал АНУ-ын Далай, агаар мандал судлалын үндэсний агентлаг G5 буюу хамгийн өндөр түвшний соронзон шуурганы анхааруулга өгөөд байна. Соронзон шуургыг хүчээр нь 5 түвшинд ангилж үздэгээс хамгийн өндөр 5 дахь түвшний үед эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй байдаг юм байна.

Одоогийн байдлаар Наран дээр дэлхийгээс 17 дахин том талбайтай толбонууд үүссэн байгааг Америкийн Далай, агаар мандал судлалын үндэсний агентлаг мэдээлж байна. Мөн халуун орны бүсэд хүртэл туйлын туяа үзэгдэж мэдэхээр байгаа юм байна.Нарнаас цацарсан цэнэгт хэсгүүд дэлхийн агаар мандал дахь хийнүүдтэй мөргөлдсөнөөр үүсдэг Туйлын туяа энэ өдрүүдэд урьд урьдынхаас илүү тод, бас илүү өргөн хүрээнд үзэгдэж эхэлсэн. Орос, АНУ-ын хойд талын нутгууд төдийгүй, Гүрж, Их Британи, Кубад хүртэл туйлын туяа үзэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Оросын судлаачдын үзэж байгаагаар, энэ удаагийн соронзон шуурга 20-40 цаг үргэлжилж болзошгүй. Наран дээр сүүлийн 3 хоног дотор хамгийн хүчтэй буюу Икс түвшний 4, зарим мэдээгээр, 5 эсвэл 6 удаагийн тэсрэлт болж төдий тооны халуун плазм цацагдсанаар соронзон шуурга дэгдсэн. Энэ плазман үүл буюу титмийн нөлөөллөөс Дэлхий бүрэн гартал 1-2 хоног болно гэж Оросын ШУА-ын сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны астрономийн лабораториос мэдээлсэн, америкийн Далай, агаар мандал судлалын агентлаг ч бас, Дэлхий дээр баасан гарагийн оройноос эхэлсэн соронзон шуурга ойрын хоногуудад үргэлжилж, эндээс үүдэн холбоо харилцааны сүлжээ, эрчим хүчний шугамууд, радио, хиймэл дагуулын ажиллагаанд доголдол үүсэж болзошгүйг холбогдох үйл ажиллагаа эрхлэгчдэд сэрэмжлүүлжээ. Наран дээрх толбонууд ойролцоогоор 11 жил орчмын мөчлөгтэйгөөр идэвхждэг байна. Энэ мөчлөгийн оргил үе энэ жил тохиож байгаа учраас дахин бас нэг удаагийн хүчтэй соронзон шуурга дэгдэж болзошгүйг АНУ-ын Далай, агаар мандал судлалын агентлаг мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүүлийн 20 жилд үзэгдээгүй хүчтэй соронзон шуурга дэд бүтцүүдэд нөлөөлж болзошгүй  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй