Шууд Chart

Канад улсад ой хээрийн түймрийн улирал эхэлж арван мянган га газар шатжээ

2024-05-13 15:33:12

Канад улсад ой хээрийн түймрийн улирал эхэлж, хамгийн анхны их зай талбайг хамарсан түймэр нутгийн баруун хэсгийг Бритиш Колумбиа мужид гарсан байна. Өнгөрөгч амралтын өдрүүдийн байдлаар гал түймэр бараг 10 мянган га газар талбайг хамраад байна. Түймрийн улмаас агаарын чанар муу, угаар ихтэй байгаа тул Бритиш Колумбиа мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Одоо идэвхтэй асаж байгаа гал бараг 5 мянган га газрыг хамарч байгаа тул Бритиш Колумбиагаас хэдэн мянган оршин суугчдыг нүүлгэж байна. Умард Рокис, Форт Нелсон, уугуул иргэдийн суурьшдаг Фонтас суурингуудаас нүүлгэн шилжүүлж байна. 2016 онд их хэмжээний түймэрт өртөж хохирол амсаж байсан Форт Муррей тосны цооногийн ойролцоох суурингийн оршин суугчдыг нэн даруй нүүхэд бэлтгэхийг анхааруулсан байна. Одоогоор энэ тосны цооногийн ойролцоо 43 түймэр идэвхтэй асаж байна. Галыг унтраахаар ажиллаж байгаагийн дүнд Ням гарагийн байдлаар тодорхой хэмжээнд гал намжсан ч цаашид цаг агаар муудвал түймэр эргэн асах төлөвтэй байна. Ой хээрийн түймэр хүчтэй салхинд унасан мод цахилгааны шон мөргөснөөс үүдэж гарсан гэдгийг тогтоожээ. Өнгөрсөн шөнийн байдлаар 13 нисдэг тэрэгтэй гал унтраах 6 баг галыг унтраахаар ажиллаж байна. Одоогоор суурин газрууд түймэрт шатах өндөр эрсдэл байхгүй ч угаар их байгаа тул иргэдийг нүүлгэж байгаа юм байна. Өнгөрсөн жил Канад, Австрали, АНУ-ын зүүн эрэг орчим, Европ даяар ой хээрийн түймэр ихээр гарч, асар их хохирол учруулсан. Хамгийн их хохирол дагуулсан нь Хавайн арлын ой хээрийн түймэр байсан. Ой хээрийн түймэр хуурай, салхитай бүсүүдэд халууны улиралд зонхилдог ч уур амьсгалын өөрчлөлтийн уршгаар агаарын температур улам бүр нэмэгдэж, ган гачиг ихсэх тусам унтраахад бэрх болж байгааг гал түймэртэй тэмцэх албаныхан мэдээлсээр байна. Ой хээрийн түймэр дэлхийг уушги гэж хэлж болох ой модыг ихээр устгахаас гадна гарч байгаа хорт хийн угаар нь хүлэмжийн хийг бүрдүүлэх голлох хүчин зүйл болдог байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улсад ой хээрийн түймрийн улирал эхэлж арван мянган га газар шатжээ  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй