
АНУ болон Хятадын төлөөлөгчид өнөөдөр Швейцарын Женев хотод уулзаж хиймэл оюун ухааны болзошгүй эрсдэл аюулын талаар хэлэлцэн гэж АНУ-ын албаныхан мэдээлсэн байна. Энэ уулзалтаар ямар нэг гэрээ хэлцэл баримт бичигт гарын үсэг зурахгүй, харин өдрөөс өдөрт улам бүр хөгжиж байгаа шинэ төрлийн энэ технологийн аюулыг судалж, ярилцахад төвлөрнө гэж Вашингтон дурдсан байна. Өнгөрсөн 4-р сард БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Бээжинд уулзаж, мөн л хиймэл оюун ухааны асуудлыг хөндөн ярилцсан юм.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ хоёр улс сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдээд байгаа худалдааны ширүүн өрсөлдөөн, үл ойлголцлоо засаж залруулахаар сүүлийн нэг жилийн хугацаанд өндөр дээд албан тушаалтнуудаа уулзуулж, яриа хэлцэл өрнүүлсээр байна. Үүний нэг жишээ болж аль аль улсынх нь онцгойлон авч үзэх ёстой асуудлуудын нэг болох хиймэл оюуны тал дээр хоёр талт яриа хэлцэл тусгайлан өрнүүлнэ гэж өнгөрсөн сард хоёр улсын гадаад хэргийн сайд болон төрийн нарийн бичгийн дарга нар уулзахдаа тохирч байжээ. Ялангуяа хиймэл оюуны зайлшгүй хөндөх ёстой нэг асуудал нь өнөө цагт дайны үед хиймэл оюуныг ашиглах нь зохистой эсэх талаар ярилцах ёстойг хоёр талын, тэр дундаа АНУ-ын төлөөлөл дурдаж байсан юм. АНУ-ын төрийн департаментаас БНХАУ болон ОХУ-д хандаж, дайны цагт, цөмийн зэвсэгтэй томоохон гүрнүүдийн харилцаа тогтворгүй байгаа энэ үед цөмийн зэвсэг ашиглах үгүй дээр амьд хүн шийдвэр гаргах ёстой. Хиймэл оюун үүнд оролцох ёсгүй гэдэг олон улсын тунхаг батлахад хамтран нэгдэхийг уриалсан байна.
Өнөөдөр Женевт болох уулзалтыг угтаж “Цөмийн зэвсэг болоод хиймэл оюуны хоорондын холбоо хамаарлын талаар хэлэлцэх гэж байгаа анхны албан ёсны уулзалт өнөөдөр болох гэж байна. Тиймээс бид асуудлын бүх өнцгийг ухаж, байж болох бүх эрсдэлийг шүүж ярилцах болно. Гэхдээ зөвхөн ярилцах түвшинд уулзаж байгаа тул улсууд нийлж тунхаг батлах талаар ямар нэг эцсийн шийдэл хүлээсний хэрэггүй” гэж Женевийг зорьж байгаа АНУ-ын төлөөлөгч Ройтерс агентлагт яриа өгчээ. Түүнчлэн Хятадын тал энэ удаагийн уулзалтад оролцож байгаагийн хувьд Хятадын хиймэл оюун ухааны хөгжлийн талаар авч хэлэлцэх нь зүйн хэрэг. Хятадын хиймэл оюуны хөгжил иргэний, цэргийн, үндэсний аюулгүй байдлын гээд бүх салбарт нь тодоор илэрч байгааг АНУ болон барууны орнууд төдийлөн авч хэлэлцэлгүй өнгөрөөдөг. Гэвч хиймэл оюуны глобал асуудлыг ярихыг тулд Хятадын төлөөлөл ч оролцож, тэдний хөгжүүлж байгаа хиймэл оюуныг ч ярих ёстой гэж АНУ-ын албаныхан мөн онцолжээ. Гэхдээ дахин баттай хэлэх зүйл бол энэ удаагийн Женевийн уулзалтаар АНУ, Хятад хоёр улс технологийн аль ч салбарт хамтарч ажиллах талаар дурдах ямар нэг зорилго агуулаагүй гэж тодруулсан байна. АНУ-ын цагаан ордны төлөөлөгчийн албан мэдэгдэлд бас АНУ, Хятад хоёр улс хиймэл оюуныг журамлах тал дээр өрсөлдөж байсан. Энэ удаагийн уулзалтаар бүх улс орныг хамруулсан журам баталж чадах эсэх талаар яриа хэлцэл өрнүүлнэ гэж дурджээ.
ЖЕНЕВ: АНУ, БНХАУ хиймэл оюун ухааны эрсдэлийн талаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.