Шууд Chart

Байгалийн гамшгууд дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэлээ

2013-07-29 18:14:05

Эрдэмтдийн хэлж байгаагаар сүүлийн өдрүүдэд үргэлжлэх болсон байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэнэ. Жишээлбэл, Азид 100 жилд нэг удаа тохиодог үерийн их гамшиг 5-50 жил болж наашилсан байна. Энэ нь дэлхийн дулаарлын нөлөөнөөс бий болж байгаа аж. Уур амьсгал судлах Засгийн газар хоорондын төрийн бус байгууллагаас гаргасан судалгаанд сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур цельсийн 0,74-өөс 0,18 хэмээр нэмэгджээ. Үүнд үндэслэн Токиогийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, прогноз гаргасан юм. Агаарын дундаж температур 2 хэмээр нэмэгдэхэд үерт автаж амь насаа алдагсдын тоо 30 саяд хүрнэ, цаашлаад 4 хэмээр нэмэгдвэл 60 саяд хүрнэ гэх мэт аймшигт тоо баримтыг гаргасан байна. Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландад болсон газар хөдлөлтийн улмаас хотын дэд бүтэц сүйдэж, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч тасарсан бол Хятадын Гансу мужид хүчтэй газар хөдлөлт болж 89 хүн амь насаа алдсан юм. Үүнээс 2 хоногийн дараа тус мужид дахин үерийн аюул нүүрлэж, хөрсний гулгалт үүссэн байна. Үүний улмаас 7 хүн амь насаа алдаж, хэдэн арван мянган хүн орон гэргүй болоод байгаа юм. Дэлхийн бөмбөрцгийн нэг хагас ийнхүү үер усны аюулд автаад байхад АНУ, Герман зэрэг Европын орнуудад цельсийн 40 хэм хүртэл халж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Хэт халууны улмаас хүмүүсийн даралт ихсэж, нарших зэрэг сөрөг үр дагаврууд илэрч байгаа юм. Мөн хүмүүс ажил, сургуульдаа явахад ч хүндрэлтэй болж, усан бассейн, усан оргилуур зэрэг газруудад сэрүүцүүлэх бүс байгуулах болжээ. Хүрээлэн буй орчны судлаач, эрдэмтэн Ричард Гирлингийн судалгаанд энэ тухай сонирхолтой тоо баримт дурдагдсан байна. Агаарын хэм 2 хэмээр нэмэгдэхэд Европчууд халууны цохилтонд нэрвэгдэж, ой мод түймэрт хөнөөгдөн, ургамлууд нүүрстөрөгчийг ихээр ялгаруулна гэж энд бичжээ. Энэ мэт нэмэгдсээр 6 хэмээр дээшлэхэд хүн төрөлхтөн устах хүртлээ аюулд хүрч болзошгүйг анхаарууллаа. Уур амьсгал судлах Засгийн газар хоорондын төрийн бус байгууллагаас "20-р зууны дундаас эхэлсэн агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэж дүгнэсэн бөгөөд үүнийг нь олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна.

 

Байгалийн гамшгууд дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэлээ  
Үзсэн: 2423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй