Шууд Chart

Жонг-Жин Ким: Хүнсний аюулгүй байдлын заналхийлэл нь өдөр бүр бидний эргэн тойронд байсаар байна

2024-06-06 13:43:53

Хүнсний аюулгүй байдлын стандарт муутай бүс нутагт, тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, хэрэглэгчид хүнсний аюулгүй байдалд илүү анхаарах ёстой.

Маргааш тохиох Ддэлхийн хүнсний аюулгүй байдлын өдийг угтан НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХХААБ) Ерөнхий захирлын туслах, Бүсийн төлөөлөгч Жонг-Жин Кимийн тавьсан илтгэлийг та бүхэнд хүргэж байна.

Эрүүл бус хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Ази, Номхон далайн бүс нутагт хүнсний аюулгүй байдлын улмаас хүний амь нам эрсдэх тохиолдол бий. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт 225,000 орчим хүн жил бүр хоол хүнсний улмаас өвчлөн нас бардаг. Энэ бол дэлхийн нийт нас баралтын талаас илүү хувь юм. Харамсалтай нь амь үрэгдэгсдийн бараг гуравны нэг нь буюу 30 хувь нь хүүхдүүд байна.

Хүнсний аюулгүй байдлын заналхийлэл нь өдөр бүр бидний эргэн тойронд байсаар байна. Хоолны хордлого нь ихэвчлэн хүн, амьтны ялгадаснаас бохирдсон, эсвэл буруу хадгалсан  хоол хүнс идсэнээс үүдэлтэй байдаг. Хүнсний  гудамжны захууд хөргүүрт байх ёстой хүнсийг өдрийн  халуунд, заримдаа олон цагаар ил хадгалж байнга зардаг. Гүйцэд чанаж болгоогүй тахианы мах, өндөг идсэнээс болж өвчлөх тохиолдол элбэг. Ингээд тоочвол олон зүйл бий.

Хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл мэнд төдийгүй аливаа улс орны  эдийн засагт аюул учруулж байна. Эмзэг бүлгийнхэн, гадуурхагдсан хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, түүнчлэн байгалийн гамшиг болон зэвсэгт мөргөлдөөнд өртөгсдөд хүнсний аюулгүй байдал илүү хүндээр нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах  нь дэлхийн худалдаанд хохирол учруулж, улмаар хүнсний хог хаягдлыг улам ихэсгэж  байгаа нь манай гаригийн олон хүн өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл юм.

Гэхдээ ихэнх тохиолдолд хоол хүнсийг зөв хадгалах, тэр дундаа хэрэглээний  хоол хүнс бэлтгэж буй хүмүүсийн эрүүл ахуйн дадал зуршлыг сайжруулах, хөргөгч, хөлдөөгчийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэргээр эдгээр аюулыг даван туулж чадна. Цаашид үүнээс ч илүү их зүйлийг хийх шаардлагатай байна.

Засгийн газрууд хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог бэхжүүлж, тандалт судалгааны  үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүнсний бизнес эрхлэгчид болон олон нийттэй харилцах харилцааг сайжруулах боломжтой.  Эдгээр үйл ажиллагааг өдөр тутам хэрэгжүүлж хэвшүүлэх ёстой бөгөөд хүнсний бүтээгдэхүүн бохирдож болзошгүй байгалийн гамшгийн дараа онцгой анхаарах ёстой юм.

Мөн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлын стандартыг хүнс үйлдвэрлэж буй эх үүсвэрээс эхлээд хүнсний бүтээгдэхүүнтэй харьцаж буй хүмүүс, мөн жижиглэнгийн худалдаачин, эцсийн хэрэглэгчдэд хүртэлх нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь сайжруулах хэрэгтэй.

Codex Alimentarius-ийн хүнсний стандарт зэрэг стандартууд нь хүнсний худалдааны сайн туршлага болох нь баталгаажсан билээ. Тус бүс нутгийн олон орон хүнсний гол үйлдвэрлэгч, экспортлогч орон бөгөөд бусад олон улс энэ бүлгийн гол гишүүн болохыг эрмэлзэж байна. Хүнсний нэмүү өртгийн сүлжээнд олон оролцогч байдаг бөгөөд хоол хүнс олон гараар дамжин, боловсруулалтын хэд хэдэн үе шатаар ордог. Ямар ч үед алдаа гарч, хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах асуудал үүсэж болзошгүй. Тиймээс бид хэрэглэгчдэд бохирдсон хоол хүнс нийлүүлэхгүй байхын тулд зохих хариу арга хэмжээ авахад үргэлж бэлэн байх ёстой.

Хүнсний нэмүү өртгийн сүлжээний хүрээнд хувийн хэвшлийнхэн хүнсний аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөгөө сайжруулж, харилцан мэдээлэл солилцохоос гадна хэрэглэгчидтэй харилцах харилцаагаа сайжруулах боломжтой. Үүний зэрэгцээ хэрэглэгчид бид бүгдээрээ хүнсний аюулгүй байдлын зөрчлийг хэрхэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах, тэр дундаа гэртээ гэнэтийн зүйл тохиолдоход хэрхэн бэлэн байх, хүнсний аюулгүй байдлын зөрчил гарсан үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг байх ёстой. Тиймээс бид бүгдээрээ өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,  өдөр тутмын сонголтдоо хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэхэд хүн бүр эрсдэлийн менежерийн үүргийг хүлээдэг. Энэ бол Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн гол утга учир юм.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь манай гишүүд болон бусад байгууллагууд, тэр дундаа хувийн хэвшлийнхэнд аюулгүй хоол хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай зөв, үр дүнтэй стандарт боловсруулж, хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө өгөх зорилгоор олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн.

Гэхдээ хүнсний аюулгүй байдал бол хүн бүрийн асуудал юм. Бид 2019 оны зургаадугаар сарын 7-нд анх удаа Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тэмдэглэсэн. Жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” нь аюулгүй хүнсний ашиг тус, мөн аюулгүй бус хүнсний хор хөнөөлийг илүү сайн ойлгож, анхаарахад бидэнд тусална. Дэлхийн Хүнсний Аюулгүй байдлын өдөр бол бидний идэж буй хоол хүнс аюулгүй гэж бодож сурсан хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой асуудал бөгөөд харамсалтай нь Ази, Номхон далайн орнуудад (болон дэлхийн бусад хэсэгт) заримдаа тийм биш байна. Тийм ч учраас энэ жилийн уриаг "Хүнсний аюулгүй байдал: гэнэтийн зүйлд бэлэн бай" гэж зарласан байна.

Энэ оны зургаадугаар сарын 7-нд болох Дэлхийн Хүнсний Аюулгүй байдлын өдрөөр бүгдээрээ аюулгүй бус хүнсний хор хөнөөлийг бууруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.

Анхаарал болгоомжтой байж, гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй.

Э.Солонго


Жонг-Жин Ким: Хүнсний аюулгүй байдлын заналхийлэл нь өдөр бүр бидний эргэн тойронд байсаар байна  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй