Шууд Chart

Киргизийн Үндэсний радио, телевизийн корпорацын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо

2024-06-07 13:17:38

Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний радио, телевизийн корпорацын Ерөнхий захирал Тиллебаев Болотбек Кочкорович МҮОНРТ-д зочилж, Ерөнхий захирал Г.Гэрэлтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтад Киргиз улс дахь Монгол Улсын Соёлын Элч Аниса Асанбекова байлцлаа.

Энэ үеэр К.Б.Тиллебаев "Нүүдэлчин зан заншил, түүх уламжлал, өв соёлоороо холбогдох манай хоёр улсын Үндэсний радио, телевизийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Киргизийн телевиз нийт 13 сувагтай. Үүнээс зургаа нь үндэсний, долоо нь орон нутгийн суваг юм. Радио нийт дөрвөн сувагтай үйл ажиллагаа явуулж байна. Телевизийн мэдээний суваг 24 цагийн эфиртэй. Үндэсний бахархал, үнэт зүйл төлөвшүүлэх бие даасан тусдаа суваг байдаг. Киргизийн Үндэсний радио, телевизийн корпорацад нийт 1000 хүн ажилладаг. Чингис хааны тухай хэд хэдэн киног Киргизийн Үндэсний телевиз орчуулж үзүүлээд байгаа" хэмээгээд, орчин цагийн Монголчуудын ахуй амьдрал, хөгжил цэцэглэлтийн талаар Киргизийн иргэдэд хүргэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл хоёр байгууллагын сэтгүүлч, нэвтрүүлэгч, уран бүтээлч, инженер, техникийн ажилтнаас бүрдсэн багийг харилцан томилолтоор ажиллуулах санал дэвшүүллээ. Ингэснээр хоёр орны иргэдэд зориулсан соёл, аялал жуулчлал, бизнесийг холбох далайцтай бүтээл хамтран туурвих боломжтой гэдэгтэй К.Б.Тиллебаев санал нийлж, тус саналыг талархан хүлээн авсан юм.

Дараа нь Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний радио, телевизийн корпорац болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хооронд нэвтрүүлэг солилцоо, хамтарсан уран бүтээл туурвих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уулзалтын төгсгөлд К.Б.Тиллебаев МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлийг тааламжтай үедээ Киргиз Улсад зочлохыг урьсан юм.


Киргизийн Үндэсний радио, телевизийн корпорацын төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй