Шууд Chart

Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг “Хөдөлмөр” зусланд эмчилж байна

2024-07-08 16:08:40

Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа хүүхдүүдийг эмчлэн, эрүүлжүүлэх үйл ажиллагааг дүүргийн харьяа "Хөдөлмөр" зусланд явуулж байна.

Хүүхдүүдээ анх ирэхэд өсөлт, хөгжлийн үнэлгээг хийж, дараа нь нар, агаар, элсний чийрэгжүүлэлт, цэгэн бариа, хар цай, ясны шөл, шар сүүнд оруулах зэрэг уламжлалт эмчилгээг хийдэг аж. 

Мөн шаардлагатай витамин, амин дэм өгч байгаа юм. Одоогоор хоёр дахь ээлжийн зорилтот бүлгийн 46 хүүхдийг хүлээн авч, эмчилгээнд хамруулж байна.

Өнөөдөр энэ зусланд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан ажиллаж, эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонслоо.

"Эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, ажил ихтэй байдгаас шалтгаалж хүүхдэдээ тавих хараа хяналт суларсан зэрэг шалтгаанаас үүдэж хүүхэд хоол, тэжээлийн дутагдалд ордог байна. Энэ тохиолдолд нэн яаралтай зохих эмчилгээнд хамруулах шаардлагатай. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаанд энэ чиглэлийн сургалтыг эцэг, эхчүүдэд зориулан оруулж байна. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр өргөн хүрээтэй зохион байгуулна" гэж Засаг дарга Г.Жаргалсайхан хэллээ. 

“Хөдөлмөр” зуслан нь монгол ахуй, соёл, уламжлалтай хүүхдүүдийг танилцуулж, зуны амралтаа өнгөрөөх хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм байна. 

2023 онд Эрүүл мэндийн яам, НҮБ-тай хамтран хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн судалгааг гаргасан. Баянзүрх дүүргийн хэмжээнд 103 хүүхэд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа бөгөөд уламжлалт эмчилгээнд хамруулах ажлыг 9 дүүргийн хэмжээнд анх удаа санаачлан зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг “Хөдөлмөр” зусланд эмчилж байна  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй