Шууд Chart

Салбарын хяналтын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой

2024-08-16 09:56:47

Боловсролын сайд П.Наранбаяр “Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоо” ТББ-ын тэргүүн А.Цэнгэл, гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл, УЗ-ийн гишүүн Ө.Энхтүвшин, Х.Эрдэнэцэцэг нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн 400 орчим цэцэрлэгт 32.000 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Хувийн цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, асуудлаас үүдсэн үр дагаврын араас хөөцөлдөх бус урьдчилан сэргийлэхийн тулд холбооны эрх зүйн чадамжийг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтад оролцогчид уламжиллаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд салбарын хяналтын зарим чиг үүргийг тус холбоонд шилжүүлэх боломжтой бөгөөд дүрэм журмыг сахин, ил тод, зарчмын дагуу ажиллах ёстойг Боловсролын сайд онцлов. Мөн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувийн цэцэрлэгүүд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын дүнд Боловсролын яам болон “Монголын хувийн цэцэрлэгийн боловсролын өсөлт холбоо” ТББ-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.

Ташрамд, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 12.1.4-т мэргэжлийн холбооны чиг үүргийг “Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр гүйцэтгэх” хэмээн заасан байдаг гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 


Салбарын хяналтын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй