Шууд Chart

Шинэ Хархорум хот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г 2025 оны зургаадугаар сард дуусгахыг санал болгов

2024-08-30 15:05:15

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНСУ-ын Үндэсний төмөр замын дэд захирал Лим Жунгилаар ахлуулсан төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн бодлого, бүс нутгийн төмөр замын тээврийн сүлжээнд холбогдох, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг танилцууллаа.

Тэрбээр Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигч тээврийн төмөр зам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн одоо хэрэглэгдэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замтай зэрэгцээ шулуун трасстай тавигдах босоо тэнхлэгийн шинэ төмөр зам байгуулах төслүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

Солонгосын үндэсний төмөр зам компани нь 2024 оны зургаадугаар сарын 18-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай Улаанбаатар-Хархорум хот чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар хамтын ажиллагааны санамж байгуулсан. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын явцыг БНСУ-ын талаас танилцуулав. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын ТЭЗҮ-г хийхдээ Монгол Улсын хүн амын суурьшлын бүс, цаг агаар, газар зүйн онцлогийг харгалзан үзэхийн зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан суурьшлын бүсүүд, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, ачаа болон зорчигч тээврийн эргэлт, урсгалуудын төлөв, хандлагуудыг сайтар тооцон ТЭЗҮ, орчин үеийн төмөр замын технологийн давуу талуудыг шингээсэн эскиз зургийг 2025 оны зургадугаар сард багтаан боловсруулж дуусгах чиглэл өгөв гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


Шинэ Хархорум хот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г 2025 оны зургаадугаар сард дуусгахыг санал болгов  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй