Шууд Chart

"Шинэ эрин"-ий шижир инээд...

2014-09-05 12:26:58

Монголын Үндэсний Радиогийн “Шинэ эрин радио станц” гэхээр хүмүүс шууд л зохиолч, яруу найрагчдын тухай боддог. Өөрөөр хэлбэл, энэ албанд үеийн үед дандаа л зохиолч, уран бүтээлчид хуран чуулсаар ирсэн юм. Одоо ч хэвээрээ...  Нэвтрүүлэг уран бүтээлийн хажуугаар ном зохиол, яруу найраг байнга ундарч түүний сацуу инээд наргиан тасардаггүй, ийм л нэгэн ариун гэгээн өргөө юм. Инээдийн цалгиатай газар эрүүл нийгэм, саруул оюун оршдог гэдэг дээ... Тиймээс инээд наргиан цараалсан тэр сайхан дурсамжуудыг тэмдэглэн үлдээж, бусадтай хуваалцахыг эрхэмлэн энэ цувралыг эхлүүлсэн минь таван жилийн өмнөх намрын нэгэн тунгалаг өдөр ажээ... Ахмад дунд одоо үе гээд харвал овоо хэдэн тэмдэглэл буй.

Инээд цалгиаж, уянга хөвөрдсөн дурсамж тэмдэглэлийнхээ сүүлийн үеийн нэгэн сурвасыг нэмэлт хачиргүйгээр та бүхний өмнө дэлгэе.

- * -

Мягаа найрагчийн “мяхану” үнэр...
Тавдугаар сарын 14-ний өдөр тул албан тасалгааны халаалт тасраагүй, тэр өдөр Улаанбаатар хотод 21 хэмийн дулаантай байсан гээд бодохоор гадна дотно нийлээд овоо бүгчим байсан байж таарна. Урьд орой нь алсын томилолтоос ирсэн болохоор өглөө ажилдаа жаахан яаралгүй ч ирснийг хэлэх үү... Өрөөнийхөө хаалгыг татангуут л нэг эвгүй үнэр ханхийгээд явчихлаа. Редакцийн ах нартайгаа мэнд мэдээд ширээндээ ирж суутал өнөө үнэр улам л нэмэгдлээ...

Энэ юун үнэр вэ гэж асуух гэснээ зүрхэлсэнгүй... гутлынхаа улыг хүртэл сэмхэн ээлжилж харав. Дараа нь ширээнийхээ нүд татуургыг нэгжлэн үзлээ. Үнэр улам л үнэртсээр... Чимээ ах маань бичгийн машинаа хэд тоншсоноо:
-Цогтоо дүү тэгээд Алтай нутгаар хаваржаа тавлаг, төл мэнд үү?
-Мэнд ээ сайхан хавар болж байна, одоо өнөө маргаашгүй зуны сар гарлаа даа... гэх зэргийн хариулт өгөөд Чимээ ахын дэргэд очтол хамар дасаад тэр үү, өнөө үнэр арай гайгүй боллоо.  Танд ямар нэг юм үнэртэж байна уу... Өрөөнөөс... гэтэл
- Халахаар мэдрэгддэггүй
Харахаар мартагддаггүй... Хараа л биз, ах нь дотроо засаад... Төгөлдөр... гээд юу ч мэдээгүй сууна. Гэтэл гаднаас Бавуу ах орж ирээд гэрлийн унтраалга дарангаа эвгүй үнэрийг мэдсэн бололтой ойр ойрхон хоолой засаад авлаа. Явсан газрын сонин сайхан лавлангаа ширээнд суухаасаа өмнө цонхоо онгойлгож байна. Санаа зовсхийн үнэрийн учрыг олох гэж битүүхэндээ нэлээн л юм болов. Ингээд жаахан сууж байтал Сарантуяа найруулагч “Таван эрдэнэ”-ийн хаалтын дугаар хэзээ билээ, Орохуу... гэсээр орж ирэв. Би ч нэвтрүүлгээ хөтлөхөөр студийн зүг явлаа... нэвтрүүлгээ боочихоод орж ирвэл Мягаа /Б.Мягмаржав/ ах манай өрөөнд орж ирээд ямар нэгэн пакт тарьсан бололтой Сүрэнхорлоод загнуулаад баларсан, сая худлаа хэлэн байж Тамгын газраас бичиг баримтаа авлаа гэх зэргийн үг яриа дэлгээд зогсож байна. Яасан та, юу болоов гэтэл
-    Чамд ямар хамаатай юм гээд хэлээ гаргаад толгойгоо илээд зогсох нь нэг их гэм хийсэн хүүхэд шиг... Хэсэг зуур л инээд хөөр болж байгаад нэгэн өдрийн ажил өндөрлөв.
Маргааш нь ажилдаа эртлэн ирлээ.

Мөнхтөр ах, Чимиддорж ах хоёр надаас өмнө ирчихсэн байна. Та хоёрт ямар нэг өмхий хамхай юм үнэртэхгүй байна уу... гэтэл Мөнхтөр ах:
-    Өглөө ирэхэд нэг л эвгүй муудсан юмны ч юм шиг  үнэр байсан шүү, цонхоо онгойлгоод арц уугиулсан, гайгүй боллоо гэж сууна.
Би ч үнэрийн учрыг олохоор өрөөгөө нэгжиж гарлаа...Шагаа    /Д.Шагдарсүрэн/ ахын ширээний араар номын сангийн доогуур үнэрлэн хайж байтал Бавуу хурлаа тарсан бололтой орж ирээд:
-Чи Дарвийн нуруунаас үнэр тээж ирэв үү... Чиний хавиас л нэг юм үнэртээд байна даа нөхөр минь... гээд мөн бөөн инээдэм наргиан үүсгэн мар мар хийцгээж байх зуур, Номын сангийн дээр давхарлан тавьсан хоёр хар цүнхийг автал шал өмхий... Сөхөөд үзсэн, хэдэн цаас дэвтэр номорхуу юм байна. Тэгсэн хэрнээ үнэрлэх аргагүй ээ... Тэр чигээр нь гаргаад хаялаа. Доор нь байсан бас нэг хар цүнхийг автал бүүр янзаа алдлаа. Ярвайж мушийгаад сөхөж үзлээ... Хамар амаа дарсан хэрнээ манай хэд сонирхон харж, би анх авснаараа уудлах болов... Хамгийн нүүрийн уутанд нь Баттөрийн Мягмаржав гэсэн ажлын /улаан/  үнэмлэхээс авахуулаад баахан бичиг баримт 300 төгрөгийн хамт гарч ирлээ. Харин цаана нь сонингийн цаасанд боолттой хонины чанасан өвчүү байна. Үнэр танар гэж тэсэхийн арга алга. Хэргийн эзнийг олсноор барахгүй дуудаж ирүүлэв. Тэгсэн мань хүн орж иргэнгүүтээ:
- Хөөе хаанаас олов оо... Наадахаас чинь болж хамаг ажил зогсоод... Ээ гялай. Шуудан банкны виза карт минь байна уу алив... Ашгүй байна... гээд өнөө муухай үнэрийг огт анзаараагүй мэт, юм хумаа бүртгэн баярлав. Үнэрийн учир гэвэл “Хурд” агентлагийнхан 3 сарын 18–д Цонжин болдог цогцолборын орчимд цуглаж найрласан юм байх. Тэр үеэр баахан хорхог, шорлог хийж түүнээс хэнд ч юм өгөх гэж далдын далд хадгалсан хорхогны хишиг л ийм дуулиан тарьжээ хөөрхий... Ингээд Мягаа ахын маань хоёр сарын цалин гэнэт бууж, ажлын үнэмлэхээ хоёр удаа хураалгах эрхтэй болсон юм даа...

МҮОНР-ийн редактор: Ө.Цогт-Эрдэнэ


"Шинэ эрин"-ий шижир инээд...  
Үзсэн: 1549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй