Шууд Chart

БНЭУ дижитал төлбөр тооцооны системээр дэлхийд тэргүүлж байна

2024-12-18 13:32:47

БНЭУ дижитал төлбөр тооцооны систем нэвтрүүлж, тус шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн байдлаараа БНХАУ-ын ололт амжилтыг гүйцэж, энэ салбарт дэлхийд тэргүүлэгч болж чаджээ.

Дижитал санхүүгийн технологийг Энэтхэг улс хурдацтай нэвтрүүлэхэд дараах суурь хүчин зүйлс нөлөөлжээ.

Үүнд: хүн ам их, дижитал гүйлгээг дэмжих Засгийн газрын санаачилга, боломжийн үнэтэй ухаалаг утас, интернетийн үйлчилгээг өргөнөөр ашиглах боломж бүрдсэн зэрэг хүчин зүйлс эерэг түлхэц үзүүлжээ.

Энэтхэгийн дижитал төлбөр тооцооны тогтолцооны онцлогоос дурдвал:

  1. Төлбөрийн нэгдсэн интерфэйс (“UPI”):
  • Энэтхэгийн Үндэсний Төлбөрийн Корпораци (“NPCI”)-ийн бүтээсэн “UPI” тус салбарт шинэ орчин бий болгосон. Харилцагч хооронд гүйлгээг саадгүй, шуурхай, хямд өртөгтэй болгон хөнгөвчилж өгсөн.
  • 2023 онд “UPI” нь сар бүр 10 тэрбум гаруй гүйлгээг тогтмол хийсэн байгаа нь Энэтхэгийн төлбөрийн экосистемд зонхилох байр суурь эзлэх болсныг илтгэн харуулж байна.
  1. Засгийн газрын санаачилга:
  • “Digital India” болон 2016 онд зарим Энэтхэг мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах зэрэг хөтөлбөрүүд нь бэлэн мөнгөнөөс дижитал гүйлгээ рүү шилжих шилжилтийг хурдасгасан.
  1. Техникийн өндөр мэдлэгтэй хүн ам:
  • Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй залуу хүн ам шинэ технологид хурдан нэвтэрч байна.
  • Хямд үнэтэй ухаалаг гар утас, дата багцууд (“Жио” зэрэг компаниуд) нь хөдөө орон нутгийг хүртэл интернэттэй холбосон.
  1. Дэмжих бодлого:
  • Энэтхэгийн Нөөцийн Банк (“RBI”) болон “NPCI” нь тоон төлбөрийн систем дэх инновацийг дэмжиж, “Paytm”, “PhonePe”, “Google Pay”, “BharatPe” зэрэг шинэ бизнес болон үйлчилгээг хөгжүүлэх боломжийг олгосон.
  1. Худалдаачдын интеграци:
  • Өсөн нэмэгдэж буй жижиг, дунд бизнесүүд “QR” код болон бусад төлбөрийн гарцыг ашиглан нэгдсэн дижитал төлбөр тооцоог хийж, өдөр тутмын гүйлгээнд дижитал төлбөр тооцоог ашиглах боломжтой болж байна.

 Дэлхийд үзүүлж буй нөлөө: 

  • Дэлхийн жишиг үзүүлэлтийг тогтоох:

Энэтхэгийн амжилт нь технологиор дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хөгжиж буй бусад эдийн засагт үлгэр жишээ болж байна.

  • БНХАУ-тай өрсөлдөх чадвар: “Alipay” болон “WeChat Pay”-г БНХАУ-ын дотоодод өргөн ашигладаг бол БНЭУ-ын “UPI” зэрэг систем нь олон улсад нэвтрүүлэхэд харилцан уялдах боломжтой илүү өргөн цар хүрээтэй гэж үздэг.

Энэтхэгийн дижитал төлбөрийн экосистем нь “UPI”-г дэлхийн хэмжээнд өргөжүүлэх, гадаадын төлбөрийн системтэй нэгтгэх санаачилга гаргаснаар цаашид өсөх төлөвтэй байна.

Засгийн газар дижитал төлбөрийн хэрэгслийг улам дэлгэрүүлэхийн тулд эдгээр төлбөрийн хэрэгслийн нууцлал, аюулгүй байдал, хүчин чадавх, үр ашгийг дээшлүүлэхийн тулд блок чэйн болон бусад дэвшилтэт “AI” хэрэгслийг цаашид ашиглахаар шийдвэрлэжээ гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


БНЭУ дижитал төлбөр тооцооны системээр дэлхийд тэргүүлж байна  
Үзсэн: 1541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй