Шууд Chart

Ч.Уртнасан: Томуугийн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй

2025-01-24 17:17:54

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.УртнасанТомуугийн халдвар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд шилжсэн байна. Орон нутгаар авч үзвэл идэвхжилийн түвшинд нэг аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 17 аймаг, нийслэлийн хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Харин аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна. Тодруулбал, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатар аймгуудад өвчлөл өндөр байна.

Амбулаторийн нийт үзлэгийн 6 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хувиар буурсан. Амбулаторийн үзлэгт орон нутагт 7 хувь, нийслэлд 5 хувьд томуугийн өвчлөл эзэлж байна.

Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээгээр 23 орчим хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвартай буюу уушгины үрэвсэлтэй хэвтэн эмчлүүлэгсэд эзэлж байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан ч гэсэн нийслэл болон орон нутгаар авч үзвэл нийслэлд бага хувиар нэмэгдсэн, орон нутагт буурсан үзүүлэлттэй байна.

Насны хувьд авч үзвэл нийт томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Томуугаар оношлогдсон хүүхдүүдийн 43 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Нэг хүртэлх насны хүүхдүүд амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөх нь нэмэгдсэн. Нийт 2490 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн 50 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой байна. Хүүхдийн хүлээн авахаар 600 гаруй хүүхэд хандсанаас 63 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугийн шалтгаантай байна. Улсын хэмжээнд нийт 908 ор дэлгэн ажиллаж байна. Өвчлөл ерөнхийдөө буурсан байна.

Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хэрэв танай хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ тусгаарлаж, хичээлд нь явуулахгүй байх хэрэгтэй. Ингэснээр бусад хүүхдийг мөн хамгаалах боломжтой. Хэдий амны хаалт зүүж байгаа ч тухайн бага насны хүүхдийг амны хаалтаа зөв зүүж байна уу гэдгийг хянахад маш хэцүү. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд тогтмол амны хаалт хэрэглэснээр хүчилтөрөгчийн дутагдалт орох магадлалтай. Тиймээс хүүхдээ тусгаарлахыг зөвлөе. Хүүхдээ халуун бүлээн шингэн уух боломжоор нь хангах хэрэгтэй" гэв.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ч.Уртнасан: Томуугийн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ цэцэрлэг сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй