
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл, менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Томуугийн тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Энэ оны нөхцөл байдлыг бүхэлд нь харвал амьсгалын замын халдвараар бүх насныхан өвджээ. Гэхдээ 5 хүртэл насныхан нийт халдвар авсан иргэдийн дунд хамгийн их байна. 10 мянган хүн ам тутамд 8 хүн томуу, томуу төст халдвар авчээ.
Дөрвөн аймагт халдвар идэвхтэй, 17 аймаг алаг цоог дэлдэлтийн түвшинд байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн.
Вирус болгон өөрийн онцлогтой. Хоёр хүртэлх насны хүүхдүүд синцитиал вирусээр илүүтэй өвдөж, хатгаа, улмаар ларангит болдог. Мөн архаг хууч өвчтэй өндөр настнууд энэ вируст өртөмхий.
Харин хоолой аргаж байгаа бол риновирусийн хүндрэл юм. Чих, хамар, хоолойг илүүтэй өвтгөнө. Энэ вирусийн онцлог нь гэр бүлийн, ажлын байрны орчинд, сургуульд гэх мэт оронд олон хүнийг нэг дор өвтгөдөг. Бохир гараар нүдээ нухах, хүүхдийнхээ ам хамрыг цэвэрлэх үед энэ вирус дамждаг.
Томуугийн А хүрээний H1N вирусийн халдвар авбал хоолой өвдөнө, толгой өвдөх, нус гоожих гээд удаан явцтай. Эмчид хандахгүй бол хоёрдогч бактерийг авч, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй.
Амны хаалтаа байнга зүүгээрэй. Энэ нь халдвараас гадна тоосжилтоос хамгаална.
Менингококкт халдвар 2007, 2013, 2019 онд манай улсад олон хүн өвчилж дэгдэлт байдлаар бүртгэгджээ. 1-5-р саруудад халдвар бүртгэгддэг. Халдварын оргил үе нь гуравдугаар сард байдаг байна. Учир нь энэ сард олон баяр болдог. Энэ жилийн Цагаан сарын баяр болоход 14 хоног үлдлээ. Баярын бэлтгэл эхэлж, зах худалдааны төвүүд хүн ихтэй байна. Эдгээр газрууд руу явахдаа амны хаалт зүүгээрэй. Амьсгалын замын халдвараас сэргийлэх эхний алхам бол амны хаалтыг зөв зүүж, зөв газраа хаях. Мөн хоолойг байнга зайлж хэвших, дотоод орчны агаар сэлгэлт хийх, гараа бохирдсон үед байнга угааж хэвших хэрэгтэй. Ингэснээр Менингококкт халдвар болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.
Цэцэрлэг, сургуулиуд, албан байгууллагууд хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй. Танд зовуурь илэрвэл эмчид хандаж, ялган оношлуулаарай. Улирал хооронд хүний дархлаа сулардаг тул дархлаагаа сайн дэмжээрэй. Хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй. Асран хамгаалагчид хүүхэд малгайтай эсэхийг анхаараарай.
Хүүхдийг мөн үнсэхгүй байх хэрэгтэй. Дээр үед ахмадууд хүүхдийг хөл дээр нь үнсдэг байсан энэ нь халдвар тараахгүй байх зорилготой” гэв.
Н.Сувдмаа: Хүүхдийг үнсэхгүй байх хэрэгтэй | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.