
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн ээлжилт хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга Н.Мягмар нээж, дэд зөвлөлийн гишүүн Сургалт, сурталчилгаа хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улирлын тайланг танилцуулав.
Энэ үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг ижил тэгш, аюулгүй, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.
Цаашид Дэд зөвлөлөөс тус салбарт шинээр баригдаж буй барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт, шаардлагад нийцсэн явган хүний зам талбай, өрөөний тоноглолыг иж бүрэн хийж гүйцэтгэхэд анхаарч, үйл ажиллагаа явуулж буй байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг саадгүй нэвтрэх дэд бүтэц бүхий судалгааг гаргах, дуут дохио бүхий явган хүний гарцын хэрэгцээ шаардлагыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-тай хамтран шинэчлэхээр ажиллаж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр ажиллаж байна.
Энэ удаагийн хурлаар тус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар суурь судалгаа хийх, уг судалгаанд тулгуурлан салбарын дунд хугацааны стратегийн нэгдсэн бодлого боловсруулах ажлыг чухалчлан авч үзлээ. Энэ хүрээнд Дэд зөвлөлийн дарга Н.Мягмар дээрх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг онцолж, гишүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны бодлоготой болно | ||
Үзсэн: 251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.