
Тээврийн цагдаагийн албаны газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хариуцсан зохицуулагч цагдаагийн дэслэгч Л.Гомбо-Очиртой ярилцлаа.
-Цагдаагийн албанд хэзээнээс ажиллаж эхэлсэн вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Цагдаагийн байгууллагад 2011 оны 11 дүгээр сард замын цагдаагийн газарт хамгаалалтын хэлтэс ажиллаж эхэлсэн. 2018 оны дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж эхэлсэн. Энэ цагаас хойш Тээврийн цагдаагийн хэлтэстээ тасралтгүй ажиллаж байна.
Манай аав Замын цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Багаасаа аавыгаа хараад цагдаа болно гэж боддог болсон. Их сургуулиа төгсөөд цэрэгт явж ирээд үргэлжлүүлээд сураад цагдаа болсон. Оюутан байхдаа цэргийн алба хаасан.
-Замын цагдаагийн зохицуулагч байнга зам дээр ажиллаж байдаг учраас хүндрэлтэй зүйл байдаг уу?
-Ерөнхийдөө 24 цагийн 18 цагт үүрэг гүйцэтгэх тохиолдол байдаг. Гадаад дотоодын зочид төлөөлөгч ирсэн үед хамгаалалтад гардаг. Мөн уртатгасан цагаар ажиллах тохиолдол нэлээд гардаг. Өвлийн улиралд гудамж зам талбайд үүрэг гүйцэтгэхэд нэлээд хүнд байдаг. Зуны их халуун өдрүүдэд бас чанга шүү. Бусдаар бол манай алба гоё. Өвлийн улиралд хоёр ойрхон уулзвар дээр ажиллаж байвал ээлжилж ажилладаг. Яг ажлын найман цаг тасралтгүй зогсож зохицуулалт хийхэд хэцүү.
Манай албаны үүрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал журмын эсрэг гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийн дагуу ажилладаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөний нягтаршил түгжрэлийг түргэн шуурхай зохицуулах тал дээр түлхүү анхаарч ажилладаг юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллаж байна. Статистик тоо баримтыг харахаар хүүхэд зам тээврийн осол өртсөн тохиолдол их байдаг. Иймээс энэ төрлийн гэмт хэргийг багасгах зорилгоор манай алба болон урьдчилан сэргийлэх алба Цагдаагийн ерөнхий газраас чиглэлийн дагуу хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд арга хэмжээг авч ажиллаж байна.
-Ер нь замын ачаалалтай үед алба хаагчид зам дээр зохицуулалт хийдэг үү?
-Замын хөдөлгөөний ачааллын оргил үе нь хичээл сургууль, ажил орох тарах үед хөдөлгөөний нягтаршил ихэсдэг. Хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг. Энэ үед дотроо зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилладаг. Ачаалалтай уулзвар гарц нь дээр хоёр алба хаагч ачаалал гайгүй уулзвар гарц нь дээр нэг алба хаагч үүрэг гүйцэтгэдэг.
-Жолооч нар замын хөдөлгөөнд хэр соёлтой оролцож байна вэ?
-Анх цагдаа болоод гудамж зам талбайд зохицуулагч хийдэг байхад нийтийн тээвэрт микро автобус явдаг байсан. Энэ үед зөрчил их гардаг байсан. Мөн нийтийн тээврийн автобуснууд гуравдугаар эгнээгээр явж байгаад гэнэт нэгдүгээр эгнээ рүү шууд ордог зөрчил их байсан. Одоо жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшиж байна. Мөн жолооч нарын үүрэг хариуцлага нэлээд нэмэгдсэн. Хотын камерын хяналт сайжирсан. Дүүргийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багассан. Бид иргэд рүү чиглэсэн нөлөөллийн аян их зохион байгуулж байгаа учраас замын хөдөлгөөний соёл нэлээд сайжирч байгаа гэж боддог. Одоо хамгаалах бүсээ зүүхгүй, утсаар ярьж хөдөлгөөнд оролцдог жолооч ховор болсон. Ерөнхийдөө соёлын хэмжээ нэлээд дээрсэн шүү.
-Явган зорчигчийн хувьд ямар байна вэ?
-Явган зорчигч гарцаар гарахгүй байна гээд зүүн 4 замаас хойш хайс тавьж байсан. Одоо энэ хайсыг буулгасан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр явган зорчигчид гарцаар гардаг болсон. Зам хөдлөн гүйж гардаг хүн байхгүй болж, бид гэрлэн дохиогоор гарч байгаа. Одоо явган зорчигчид замын хөдөлгөөнд маш соёлтой оролцдог болсон. Бид нөлөөллийн арга хэмжээгээ хүүхдээр дамжуулж хийдэг. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын насанд тохирсон хүүхэлдэйн киногоор замын хөдөлгөөний дүрмийг ойлгуулдаг. Харин таваас дээш ангийн хүүхдүүдэд арай өөр аргаар ойлгуулж явдаг. Ерөнхийдөө цэцэрлэгийн наснаас эхэлж, замын хөдөлгөөний дүрмийг ойлгуулж ногоон гэрэл цагаан шугам арга хэмжээг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил явган зорчигч руу чиглэсэн гурван арга хэмжээ зохион байгуулсан. Энэ жил 4-5 ажил хийхээр төлөвлөж байна.
-Цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд байнга ажиллаж байдаг. Ер томоохон баяраар жижүүрт хэр олон гарч байв?
-Зөндөө гарч байсан. Гурван жил дараалж 12 дугаар сарын 31-ны өдөр жижүүрт гарч байсан. Баярын өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэх гоё байдаг. Ер нь томоохон баяраар бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг шүү дээ. Баярлаж явах зав байдаггүй.
-Замын цагдаагаас жолооч нар байнга айж явдаг. Ер нь жолооч, цагдаа хоёр хоорондоо үл ойлголцох тохиолдол хэр гардаг вэ?
-Цагдаагийн байгууллага хүний эрхийг хангаж ажилладаг.Тэгш байдлыг бий болгох зорилгоор иргэн бүртэй тэгш харьцдаг. Хөдөлгөөний зөрчил гарсан жолоочийг зогсоогоод бичиг баримтыг шалгаад замын хөдөлгөөний дүрмийг зөрчлийг нь танилцуулаад арга хэмжээг авдаг. Одоо цагдаагийн алба хаагч иргэд хоёрын гомдол мэдээлэл харьцангуй багассан. Учирн ь одоо алба хаагчид бүгд энгэрийн камертай болсон. Энэ камер нь үүрэг гүйцэтгэж байгаа хугацаанд тасралтгүй ажилладаг.
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч замын зөрчил гаргах нь багассан байна уу?
-Одоо харьцангуй багассан. Мөн хууль дүрэм нэлээд сайжирсан байгаа. Жолооч нар татвар даатгал тогтмол төлж явдаг болсон. Мөн оношилгоондоо хугацаандаа ордог болсон. Хөдөлгөөн оролцож байгаа жолооч нар хуулиар хүлээсэн маш сайн гүйцэтгэж байгаа.
-Цагдаагийн мэргэжил сонгоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан вэ. Бодож үзсэн үү?
-Эдийн засагч болох байсан болов уу. Тоо физикийн хичээлдээ сайн байсан.
-Хүүхэд нас хаана өнгөрсөн вэ?
-Хотын унаган хүүхэд. Баянзүрх дүүрэгт миний хүүхэд нас өнгөрсөн. Одоо ч энэ дүүрэгтээ ажиллаж амьдарч байна даа.
-Чөлөөт цаг хэр гардаг вэ?
-Манай хэлтсийн хэмжээнд алба хаагчид чөлөөт цагаар зааланд тоглодог. Мөн нэг өдөр дартсын клуб дээр очиж хичээллэж байгаа. Бид нар дарга ахлагч нартай ярилцаж байгаад цагийн хуваариа гаргадаг. Хувь хүний хувьд чөлөөт цагаар ном уншдаг. Гэр бүлээр агаар салхинд гарч хүүхэдтэйгээ тоглох дуртай. Ер нь амарч байгаа цаг хугацаагаа хүүхдээ зориулахыг боддог.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн бас замын цагдаа. Адилхан мэргэжилтэй болохоор ойлголцоход амар байдаг.
-Хамт ажилладаг юм уу?
-Баянзүрх дүүргийн тээврийн цагдаагийн албандаа хамт хамт ажилладаг. Манай хүн уртын амралтаа авчихсан хүүхдээ харж байгаа.
-Цаг наргүй ажилладаг хүний хувьд гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна вэ?
-Гэр бүлдээ цаг зарцуулах нь нэлээд бага байдаг. Хань сайтай учраас гэр орныхоо ажилд санаа зовохгүйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг. Манай гэргий гэр орныхоо ажил, үр хүүхдээ маш сайн харж авч явдаг. Ээлжийн амралтаа авахаар гэр бүлийнхэндээ цаг зав гаргадаг. Энэ үеэр эхнэрээ ямар их ажил амжуулдаг гэдгийг нь мэддэг.
-Ойрын зорилго?
-Дүүргийнхээ хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах талаар анхаарч ажиллах зорилго тавьж байгаа. Тэр дундаа хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэл дээр түлхүү ажиллах зорилготой байнадаа.
Л.Гомбо-Очир: Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшиж байна | ||
Үзсэн: 376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.