Шууд Chart

Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж байна

2025-03-19 13:29:24

Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Хэлэлцүүлгийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён Кристоф Форакс, Байгаль орчин, уур амьсгалийн өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ.

Ц.Уранчимэг дарга нээлтийн үгэндээ “Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төвийн үндэсний зохицуулагчаар БОУАӨЯ ажилладаг. Европын холбооны санхүүжилтээр Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран өдгөө 3 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2024 оны 9 дүгээр сараас P101 төслийг Терроризмтэй тэмцэх зөвлөлийн ажлын албаар дамжуулан хими, биологи, цацраг, цөмийн эрсдэл бүхий онц чухал дэд бүтцийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Талууд хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах, биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах, хими, биологийн хог хаягдлын менежментийг сайжруулах, салбарын холбогдох мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал, P53, Р65, Р87 төслүүдийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, бүсийн улс орнууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, танхим, цахим болон практик сургалтуудыг зохион байгуулж 2000 гаруй албан хаагчдыг хамруулаад байна.

Монгол Улсын хувьд хими, биологи, цацраг, цөмтэй холбоотой ОУ-ын конвенцод нэгдэн үндэсний хууль эрх зүйн орчныг бий болгон ажиллаж байгаа хэдий ч дээрх салбаруудад нэгдсэн бодлого төлөвлөлт дутмаг, техникийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Түүнчлэн хууль эрх зүйн орчин болон төрийн байгууллагын бүтцийн хувьд дээрх 4 салбар нь өөр өөр институцид хамаарч байгаа нь хамгийн том бэрхшээлийг учруулж байна. Цаашид холбогдох яамд, төрийн байгууллагуудын бодлогыг хооронд нь уялдуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн бидний хэлэлцэх гэж буй “Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” ихээхэн хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийг холбогдох 24 байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж байна  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй