Шууд Chart

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзав

2025-03-19 17:24:15

Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд уул усаар холбогдсон, мөнхийн найрсаг хөрш Монгол, Хятад хоёр улсын харилцааны талаар, олон жилийн турш хамтран ажиллаж буй хоёр байгууллагын хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг болон цар тахлын үед харилцан дэмжлэг үзүүлж, тусалдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар хил орчмын ой хээрийн гал түймэртэй тэмцэх, гал түймрийн үед хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох механизмыг илүү сайжруулах, орон нутгийн Онцгой байдлын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил залгаа аймгуудын хамтын ажиллагаа болон гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх арга замуудын талаар санал солилцсоноос гадна хурандаа Ц.Ганзориг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нарийн мэргэжлээр сургаж, бэлтгэх хүсэлтийг илэрхийллээ.

Дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин хоёр улсын харилцаа, тэр дундаа гамшгаас хамгаалах хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг чухалчлан авч үздэг талаар дурдаад, цаашид хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд үргэлжлүүлэн идэвхийлэн хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбогдох их дээд сургуулиудад нарийн мэргэжлээр сургахад хүчин чармайлт гарган дэмжин ажиллахаас гадна богино хугацааны сургалтуудад хамруулах боломжтойг дурдсан юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзав  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй