
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.03.20) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.
Мөн хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд шинэчлэн сайжруулах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрүүд, Киргиз улсаас зохион байгуулж буй “Олон улсын тээврийн форум” арга хэмжээнд ЗТЯ болон тээвэр логистикийн салбарыг идэвхтэй оролцуулж, тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа.
Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг Киргиз улсын эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, зам тээврийн салбар, байгалийн баялаг гэдгийг онцлоод хоёр улс хоорондын автотээвэр болон агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, агаарын тээврийн салбарт Киргизийн нийслэл Бишкек хот, Узбекистан, Тажикстан гээд дамжих боломжтой нислэгийн чиглэлүүд, авто тээврийн салбарт хоёр улсын иргэд саадгүй харилцан зорчих, дамжин өнгөрөх тээвэр хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжуудыг санал болголоо.
Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв | ||
Үзсэн: 245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.