Шууд Chart

Баян-Өлгий аймагт "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж эхэллээ

2025-03-20 14:25:46

Баян-Өлгий аймгийн 13 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа 694 хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос “Таблеттай багш” санаачилга хэрэгжиж, алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах үйлчилгээний хувилбар, арга зүйг хөгжүүлэн өргөжүүлэхэд чиглэж байна.

Боловсролын ерөнхий газраас “Таблеттай багш” санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, орчин цагийн хүүхэд, гэр бүл, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байна.

Тус аймагт 35 багш сургалтын ухаалаг багцыг хүлээн авч, арга зүйн сургалтад оролцож байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх удирдах ажилтнууд, сумдын засаг дарга, мэргэжлийн хөгжлийн багууд сургалт-хэлэлцүүлэгт оролцож байна.

Аймаг, сумдын Засаг дарга орон нутгийн удирдлагын зүгээс хувилбарт сургалтын багш нарт гэр бүлийн орчинд бага насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал солилцсон.


Баян-Өлгий аймагт "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй