Шууд Chart

АНУ эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөөс түдгэлзэх асуудлаар ОХУ, Украинтай хэлэлцээ хийнэ

2025-03-21 16:29:04

АНУ ойрын өдрүүдэд Орос болон Украины талуудтай эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөөс түдгэлзэх асуудлаар хэлэлцээ хийх мэдээлэлтэй байна. Саудын Арабт болох төлөвтэй байгаа энэ хэлэлцээгээр, хэсэгчилсэн байдлаар гал зогсоох нөхцөлийг нарийвчилж хэлэлцэхэд гол төвлөрөх юм байна. Америкийн Ерөнхийлөгчийн Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн элч Уиткофф өмнө нь Орос, Америкийн албаныхны хоорондох, бүрмөсөн гал зогсоох, дайныг дуусгах асуудлаарх хэлэлцээ энэ ням гарагт Саудын Арабын Жиддад болно гэж өмнө нь мэдээлсэн юм.

Гэхдээ энэ хэлэлцээнд Украин оролцох эсэх нь тодорхойгүй байгаа талаар мэдээлж байсан. Өчигдөр мөн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордны зуйван танхимд хэлэлцээ нь бүтэлгүйтснээс хойш анх удаа утсаар холбогдож цаг шахмын туршид утсаар ярьсан юм байна. Ройтерсийн мэдээлж байгаагаар, Зеленский энэ үеэр Вашингтоны зуучлалтай хэсэгчлэн гал зогсоох хэлэлцээрт хамруулах эрчим хүчний байгууламжуудыг Киев жагсаалтаар гаргаж өгөх боломжтой талаар мэдэгджээ. Мөн зөвхөн эрчим хүчнийхээс гадна төмөр зам, усан боомтын дэд бүтцийг харуулах боломжийн талаар тэр ярьсан байна. Үүнээс гадна тэрээр гал хэсэгчлэн зогсоох дэглэм хэрэгжих үед хэрхэн хяналтыг хэрэгжүүлэх талаар ойлголттой болохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Зеленский-Трамп нарын утсан ярианы дараа нийтлүүлсэн мэдэгдэлд тэрчлэн, Украины Запорожийн АЦС-ийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг АНУ хариуцаж авах боломжтой гэдэг саналыг Трамп Зеленскийд тавьсан талаар дурдсан байна. Харин Зеленский тус АЦС-ийг шинэчилж, хөрөнгө оруулалт хийхэд АНУ оролцох боломжийг хэлэлцэхэд Киев бэлэн гэж мэдэгдсэн гэдгээ мэдээлжээ. Энэ зуур Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Жиддад болох Орос-Америкийн хэлэлцээгээр, Хар тэнгисийн үр тарианы санаачилга болон Украины хямралыг зохицуулахтай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ гэж мэдээлснийг Интерфакс уламжилсан байна. Трамп, Путин нарын энэ7 хоногийн эхэнд утсаар ярьж, Украины эрчим хүчний байгууламжуудад 30 хоног цохилт өгөхийг түдгэлзүүлэх зөвшилцөлд хүрсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөөс түдгэлзэх асуудлаар ОХУ, Украинтай хэлэлцээ хийнэ  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй