
Европын комисс ган төмөрлөгийн импортын хувь хэмжээг 15 хувиар бууруулах санал тусгасан энэ салбарт холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөө өчигдөр танилцуулсан байна. АНУ ирэх 4-р сарын эхнээс ган болон хөнгөн цагааны бүх импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар зэхэж, давхар бас Азийн орнуудын зүгээс өрсөлдөөн эрчимжиж байгаатай холбогдуулж ЕХ-ны гүйцэтгэх засаглал ийм төлөвлөгөө батлах бодолтой байгаа юм байна.
Сүүлийн хэдэн жил дэлхийн гангийн зах зээлд, ялангуяа Азид хэт үйлдвэрлэл явагдсанаар Европын энэ салбарын үйлдвэрүүдийн захиалгыг эрс хумигдахад хүргэсэн. Тиймээс аль ч бай гаднаас чиглэлтэй аливаа шударга бус өрсөлдөөнөөс европын гангийн үйлдвэрүүдийг хамгаалах нь манай тэргүүлэх зорилт болж байна” гэж ЕК-ийн дэд дарга Стефен Сежурн төлөвлөгөөг танилцуулахдаа мэдэгдсэн байна. АНУ-д орох ган болон хөнгөн цагааны бүх импортод 25 хувийн татвар ногдуулснаар Канад, Хятад, Мексикийн үйлдвэрлэгчид зах зээлийн илүүдэл бүтээгдэхүүнээ Европын зах зээлд шахан нийлүүлэхээр орж ирнэ гэдгээс ЕХ болгоомжилж байгааг тэр дурдсан байна. 2018 онд Трампын өмнөх засаг захиргааны үед ЕХ мөн гангийн импортыг хязгаарлах арга хэмжээ авч, түүнээс хойш үүнээ хэд хэдэн удаа шинэчлэн баталж ирсэн байдаг. Энэ оны 3-р улиралд хүчинтэй хугацаа нь дуусахаар байгаа импортын энэ хязгаарлалтаа ирэх 4 сараас дахиад 15 хувиар нэмэгдүүлэх хавсралтыг шинэчилж батлахаар зэхэж байна. ЕХ-ны энэ шийдвэр батлагдвал Европын орнуудад гаргадаг гангийн гурав дахь том нийлүүлэгч Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө учрахыг шинжээчид хэлж байна. АНУ-ын нийт гангийн импортынхоо 25 хувийг Канадаас, дахиад 10 хувийг Өмнөд Солонгосоос авдаг байна.
Харин ЕХ-ны орнуудад ган төмөрлөг нийлүүлэгч гол том 5 улсын тоонд Өмнөд Солонгосоос гадна Энэтхэг, Хятад, Турк, Их Британи улсууд багтдаг байна. Дэлхийн ган төмөрлөгийн зах зээлийн гол тоглогч орнуудын хувьд энэ салбарын үйлдвэрлэл үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг гэдгийг хэвлэлүүд мөн дурдсан байна.
Европын Холбоо гангийн импортоо 15 хувь бууруулахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.