
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Энэ санхүүжилтийн хүрээнд тус төсвийн жилд нийт 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 430 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжиж, үүнээс 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 338 барилга, байгууламж ашиглалтад орсон нь 2021 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм.
Дэд бүтцийн салбарт нийт 668.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 218 төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссан ба хөрөнгө оруулалтын ангиллаар авч үзвэл 195 км-ийн урт бүхий 24 авто зам, 174 метр бүхий 3 гүүр, 76 цахилгаан, дулаан хангамжийн ажил, 32 инженерийн дэд бүтэц зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах зэрэг чухал ач холбогдолтой ба томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал:
Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ульхан боомтыг авто замаар холбох ажлын хэсэг болох Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай 62.7 км урт бүхий авто зам болон Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км урт хатуу хучилттай авто замууд бүрэн тавигдлаа.
Дорнод аймгийн Хэрлэн сумд улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравдугаарт орох 50 МВт-ын дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажил дуусаж, тус аймгийн эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдлээ.
Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км-ийн авто зам ашиглалтад орж Ховд аймгийн 17 сумаас 14 сум нь хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын ажил бүрэн хэрэгжиж дууслаа.
Боловсролын салбарт нийт 298 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 сургууль, 33 цэцэрлэг, 11 дотуур байр ашиглалтад орж үүний үр дүнд улсын хэмжээнд боловсролын хүчин чадал 12,820 суудал, 5,745 ороор нэмэгдлээ.
Эрүүл мэндийн салбарт 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 эмнэлэг ашиглалтад орж, улсын хэмжээнд эмнэлгийн хүчин чадал 1,913 ороор нэмэгдлээ. Мөн хувь хүний хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн 3 номын сан, 15 спорт заал, 11 соёлын төвүүд ашиглалтад орж, олон жил барилгын ажил удааширсан, Ковид-19 цар тахлаас үүдэн царцсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусаад байна. Тухайлбал:
Жилд 8,000 гаруй эхийг амаржуулж, 1,000-2,000 гаруй нярайг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай нийслэлийн 2 дугаар төрөх "Хүрээ амаржих" газрын барилга ашиглалтад орлоо.
2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж бүрэн ашиглалтад орууллаа.
Үндэсний Номын Сан өөрийн анхны Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах барилгыг ашиглалтад хүлээн авч, 16 танхим, 530 хүний хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумд “ARA arena” спорт ордон ашиглалтад орлоо. Энэхүү ордон нь 1,000 хүний суудал бүхий том заал, гадна бэлтгэлийн 6 заал, пара болон хөнгөн атлетикийн зориулалттай 2 заалнаас бүрдэж байгаа юм.
Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 700 суудлын хүчин чадалтай спорт заал, 4 зам усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 338 барилга, байгууламж ашиглалтад оржээ | ||
Үзсэн: 332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.