
Японы Шизүока мужийн Яизү хотод “Монгол наадам” боллоо.
Наадамд Яизү хотын урилгаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон тус дүүргийн төлөөлөн албан хаагчид оролцлоо.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Шизүока мужийн Яизү хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагаа зохион байгуулж буй Яизү хотын “Монгол наадам” арга хэмжээнд оролцон мэндчилгээ дэвшүүллээ.
Элчин сайд Б.Баярсайхан Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг дурдав.
Япон Улсын Засгийн газар 2013 онд “Токио-2020 олимпын наадмыг сурталчлах, спортоор дамжуулан улс орон, бүс нутгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор “Хост таун” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Яизү хот Монгол Улсын харилцаа эхэлж байсан түүхтэй, энэ цагаас хойш хоёр талын хүчин чармайлтын үрээр Монгол Улс, Яизү хотын харилцаа тасралтгүй, тогтвортой хөгжиж эдүгээ Монгол, Японы орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны “нэгэн жишиг” болж буйг онцлон тэмдэглэв.
Манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Яизү хотын иргэд, хотын дарга Х.Накано, хотын захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд талархал илэрхийлэв.
Мөн “Яизү Монгол наадам ирээдүйд Шикүока мужаар зогсохгүй Япон Улсад оршин сууж буй монголчууд, япон иргэдийн тэсэн ядан хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.
Элчин сайдын яам “Монгол наадам"-ын үеэр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийг зочдод танилцуулан Монгол Улсаа сурталчиллаа гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.


Яизү хотод "Монгол наадам" боллоо | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.