Шууд Chart

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025-03-24 09:16:32

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад 2025 оны гуравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд ажилласан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази Номхон далайн бүсийн төвийн Иргэний Нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил хийгдэж буй энэ үед Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас төлөөлөгчид ирж ажиллаж байгаад талархал илэрхийлж, агаарын тээврийн салбар өргөжиж байгаа тул нисэхийн аюулгүй байдлыг хангах нь чухал асуудал болохыг дурдлаа.

Төлөөлөгчид ИНЕГ-т Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцын хэрэгжилт, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль дүрэм, журам, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын байгууллага, хяналтыг хэрэгжүүлж буй хүний нөөц, тэдгээрийн мэргэшил, сургалт дадлага зэрэг асуудлын хүрээнд үнэлэлт, зөвлөмж өгч ажилласан юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн Иргэний Нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва хэлэхдээ “Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-д 183 гишүүн улс байдаг бөгөөд 10,000 гаруй стандартыг мөрдүүлэн ажиллуулдаг. Урьдчилсан байдлаар Монгол Улсын агаарын тээврийн аюулгүй ажиллагааны боловсон хүчний чадавх, дүрэм журам сайн байгаа хэдий ч аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулахын тулд дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, навигацийн үйлчилгээг сайжруулах, бүсийн нислэгийн удирдлагын нөөц төвийг байгуулах шаардлагатай” зэргийг дурдлаа.

Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөл та бүхэнд Монгол Улсад хүрэлцэн ирж, Иргэний нисэхийн хууль тогтоомжийн байдал, хэрэгжилтэд үнэтэй зөвлөмж өгнө гэж найдаж буйгаа илэрхийллээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй