Шууд Chart

“Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал, хүчээ нэгтгэе” олон улсын хурал боллоо

2025-03-24 15:04:08

ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам, Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчин, экологийн яамнаас Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотод 2025 оны гуравдугаар сарын 12-15-нд “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал, хүчээ нэгтгэе” сэдэвт олон улсын хурал зохион байгуулж, ирвэс бүхий 12 улс орны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсаас уг хуралд БОУАӨЯ-ны холбогдох албан хаагч болон БОУАӨЯ-ны дэргэдэх Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Увс нуурын УТХГ-ын захиргаа, ТББ-ын төлөөлөл оролцов.

Цоохор ирвэс нь нэн ховор амьтан ба дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээгээр “эмзэг” ангилалд багтсан.

Дэлхий дээр нийт 4000 орчим цоохор ирвэс байдгаас 2500 гаруй ирвэстэйгээр БНХАУ тэргүүлдэг ба Монгол Улс ирвэсийн тоо 1000 орчим болж, 2 дахь том популяци бүхий улс орон болсон. Харин ОХУ (Алтай, Тува, Буриад, Красноярск) нийт 87 ирвэстэй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс сүүлийн жилүүдэд ОХУ-ын талаас цоохор ирвэсийн хамгааллыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өсгөж үржүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг дурдсан. Ирвэс хамгаалал, судалгааны ажлын өнөөгийн байдлын талаар 12 орны төрийн байгууллагууд хамгааллын ажлын үр дүнгээ танилцуулж, төрийн бус байгууллага, ШУ-ны байгууллагын эрдэмтэн судлаач нар судалгааны үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж, судалгаа, хамгаалалд сүүлийн үеийн нэвтрүүлж буй технологийн дэвшлээ танилцуулж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


“Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал, хүчээ нэгтгэе” олон улсын хурал боллоо  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй