
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг" 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдлаа.
Тус хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг даргалж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Цогтбаатар нар болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг хуралдааны эхэнд тус хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа болон үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар танилцууллаа. Тэрбээр, манай улсад мөрдөгдөж хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд цахилгаан дугуй, скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилал тодорхойгүй, улсын бүртгэлгүй, хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, техник хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдаагүй зэрэг асуудлууд байгаа талаар хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай “Хотжилт дагасан тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж байна. Нэг талдаа автозамын түгжрэлийг бууруулах, хувь хүний зохицуулалт боловч нарийвчилсан тусгай зохицуулалт хийх шаардлага бий. Явган зорчигч, хөдөлгөөнд оролцогч хэн хэнд нь эрсдэл, хохирол учирч буй тохиолдлууд олон гарч байна. Аюулгүй байдал дээр онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн цахилгаан дугуй, скүүтэрээр зорчих зам, талбайн асуудал дутмаг байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлтэй холбогдуулан зарим зүйл заалтууд дээр нарийвчлан зохицуулалт тусгах талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгийн зүгээс цахилгаан унадаг дугуй, скүүтерээр үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй дахин өргөтгөсөн хурал зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ: Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.