Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

2025-03-25 07:11:24

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг  оролцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяаг нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хууль тогтоогчоор сонгогдсон гишүүн хийсэн ажлаа тайлагнах үүргийг нь хориглохоор тэр хүн яах ёстой вэ гэдэг энэ агуулгаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг сонгогчдод тайлан тавина гэдгийн цаана нэг удаагийн хэвлэмэл материал тараахыг хориглосон гэсэн агуулгаар ойлгож, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Ингээд холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулахаар боллоо.


Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй