
Улсын Их Хурлын даргын 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэмжих баг өнөөдөр /2025.03.25/ хуралдлаа.
Тус хуралд Улсын Их Хурлын даргын хуулийн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн Г.Мөнхгэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын зөвлөх Ж.Монголжингоо нар оролцож, иргэний эрх зүйн ерөнхий ангийн хүрээнд хууль хэрэглээний асуудлаар хэлэлцлээ.
Тухайлбал, Иргэний хуулийн ерөнхий ангийн зарим зохицуулалтыг практикт хэрэглэхэд ямар асуудал үүсдэг талаар болон, үнэлгээ хийх шаардлагагүй, зорилгоо хангаж байгаа гэж үзсэн зүйл, хэсэг, заалтын талаар бодит жишээн дээр тайлбарлаж, холбогдох судалгаа, шинжилгээг хийхээр боллоо.
Түүнчлэн уг ажлын хэсэг дэмжих багуудад хуваагдан иргэний эрх зүйн ерөнхий анги, эдийн ба эдийн бус баялагийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй, өв залгамжлал, олон улсын иргэний эрх зүйн асуудлаас гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүргийн чиглэлээр үнэлгээ хийхээр ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дэмжих баг хуралдлаа | ||
Үзсэн: 254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.