Шууд Chart

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг улирал харгалзахгүй явуулна

2025-03-25 14:36:48

Цаг уур, орчны шинжилгээний газраас Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Ажлын албаны төлөөлөлд хүйтний улиралд цаг агаарт зориудаар нөлөөлөх боломжийн талаар танилцууллаа.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа улс орнууд өөрийн орны газар зүйн онцлог, тэдгээрийн үүл үүсэж хөгжих, шилжихэд нөлөөлөх байдал зэргээс хамааруулж тус ажиллагаанд ашиглах техник, технологийг сонгодог. Манай орны хувьд зөвхөн дулааны улиралд шингэн тунадас нэмэгдүүлэх, эсвэл мөндрийн үүлийг саринуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.

Сэрүүн бүсийн орнууд өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, өвлийн спорт болон бусад арга хэмжээнд зориулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулдаг байна. Энэ нь дулааны улиралд явуулдаг арга, технологитой адил бөгөөд нисэх онгоц, пуужин, газрын генератор/түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон зэргийг ашиглаж иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдэг.

Монгол орны ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломжийг бүрдүүлэх туршилт судалгаа явуулах шаардлагатай байгаа юм. Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн. Одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг улирал харгалзахгүй явуулна  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй