
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр (2025.03.25) Төрийн ордонд боллоо. Тус зөвлөл нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хэмнэлт хийх стратеги боловсруулж, салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэлэлцэж, шийдвэрлэх гол платформ байх юм.
Зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Энэ зөвлөлийн гол ажил бол төрийн албыг цомхон чадварлаг байлгахад чиглэж, төсвийн хэмнэлт хийх ажлыг зөвлөлдөж хийх юм. Төрийн байгууллагуудад хэмнэлт хийх асар их боломж байгаа. Зөвхөн цаас хэрэглэхээ болиход 20 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ бол ганцхан жишээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээ болох харуул, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг хувийн хэвшил илүү сайн хийж чадах ажлуудыг хувийн хэвшилд нь шилжүүлнэ.
Мөн Зөвлөлийн хурлаар Боловсролын тогтолцооны чиг үүргийн шинжилгээг хийж, давхардсан чиг үүргийг бууруулж, орон тоо цомхотгох талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тус салбарын судалгаагаар чиг үүрэг нь давхардаж буй 72 орон тоог тодорхойлж, шаардлагатай газар, орон тоонд шилжүүлж, хуульд заагаагүй эсхүл давхардсан чиг үүрэг гүйцэтгэж буй 30 орчим орон тоог цомхотгоно. Ингэснээр нэг жилд тэрбум орчим төгрөг хэмнэх боломж бүрдэж байна. Мөн салбарын байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ, хамгаалалт, сантехникийн ажлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримтална.
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд, талаас илүү нь хувийн хэвшлийн гүйцэтгэх удирдлагуудаас бүрдсэнээрээ онцлог юм. Зөвлөл цаашид 14 хоногт нэг удаа хуралдаж, зөвлөлөөс гарсан шийдлүүдийг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж байхаар тогтов.
Н.Учрал: Хувийн хэвшлийн хэмнэлт, бүтээмжийн сайн туршлагыг төрд нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.