Шууд Chart

Юн Сок Ёлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болно

2025-03-25 16:12:06

Парламентаас итгэл үл үзүүлж албанаас нь түдгэлзүүлээд байсан парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хэрэгсэхгүй болгосноор Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Док Су-д гуравдугаар сарын 24-нөөс ажилдаа эргэж орсон байна. Сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байгаа улстөрийн хямралын нөхцөлд шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлснээр Хан Док Сугийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албыг мөн сэргээжээ. Энэ шийдвэрт Хан Док Су талархлаа илэрхийлээд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар засаг төрийн тогтвортой байдлыг хадгалж, өнөөгийн худалдааны дайны нөхцөлд улс үндэсний эрх ашгаа хамгаалахаар бүх хүч нөөцөө дайчлан ажиллахаа амлаж мэдэгдэл хийснийг тв-үүд дамжуулсан байна.

ҮХШ-ийн 8 гишүүний 7 нь дэмжиж, 1 нь татгалзсан дүнтэй өнөөдрийн тогтоол батлагджээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албанаас мөн парламент улс төрийн сэдлээр эрх мэдлээ хэтрүүлэн ашигласныг тогтоосон хэрэг хэмээн ҮХШ-ийн шийдвэрийг сайшаасан байна. Харин сөрөг хүчний АН Хан Док Су ерөнхий сайдын бүрэн эрхийг сэргээсэн шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч Юны хэргийг шуурхай шийдвэрлэхийг мөн уриалжээ. Өнгөрсөн оны 12 сарын эхээр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг цэргийн онц байдал зарласантай нь холбогдуулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээр үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж ерөнхий сайд Хан оронд нь үүрэг гүйцэтгэгч болоод байсан. Гэвч энэ албыг хүлээж аваад 2 долоо хоног хүрээгүй байхдаа Хан Док Су ҮХШ-ийн дутуу 3 шүүгчийн томилгооны асуудлаар сөрөг хүчинтэй зөрчилдсөнөөр парламентаас түүнд итгэл үл үзүүлж албанаас нь түдгэлзүүлсэн юм.

Ийнхүү Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн зарласан цэргийн онц байдал зарласан шийдвэртэй холбогдуулж төрийн гол дээд эрх баригчдыг ийнхүү дараалан албан үүргээс нь түдгэлзүүлсэн нь Өмнөд Солонгосын улстөрийн хямрал зөрчлийг улам хурцатгаж, дипломатын болон эдийн засгийн үйл ажиллагаанд гацаа саатал учрах вий гэдэг болгоомжлолыг нэмэгдүүлсэн. ҮХШ-ийн 5 шүүгч тэгвэл Хан Док Су шүүгчдийг томилохоос татгалзсан нь ҮХ зөрчсөн, харин цэргийн онц байдал зарласан хэрэгт холбоотой гэж үзэх хангалттай үндэслэлгүй гэж үзэн импичментийг хэрэгсэхгүй болгожээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын явуулж байгаа тарифын бодлогын нөлөөгөөр татварын дарамт хэдийн амсаж эхэлсэн Сөүл ирэх сараас мөрдөгдөх ган болон хөнгөн цагааны импортын татвараас хөнгөлөх боломжийг Америкийн засаг захиргаанаас эрэлхийлж байгаа. Энэ эгзэгтэй цаг үед АНУ-ын Ази дахь цэргийн гол чухал холбоотон Өмнөд Солонгос улс ийнхүү сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй засаглалын хямрал автаад байгааг шинжээчид дурдаж байна. ҮХШ-ийн тухайд цэргийн онц байдал зарласантай нь холбогдуулж Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг эцэслэх ажил одоо хүлээгдэж байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Юнд холбогдох үймээн самуун дэгдээсэн гэх эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа ирэх 4 сарын 14-нөөс эхлэхээр болсныг өнөөдөр шүүхээс зарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Юн Сок Ёлд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болно  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй