
Дэлхий дахинд бүхэлдээ тогтворгүй тодорхойгүй байдал зонхилж байгаа энэ цаг үед Хятадын эрх баригчид нээлттэй бодлогоо улам ахиулж, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих болно гэж мэдэгдэж байна. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бээжинд болж байгаа Хятадын хөгжлийн форум дээр ийм мэдэгдэл хийсэн байна. Ийм маягаар Хятадын эрх баригчид АНУ-ын тарифын бодлогын нөлөөг сааруулж удааширсан эдийн засгаа дэмжих хүрээнд дотоодын хэрэглээгээ ахиулах, бас гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрмэлзлээ нотлон илэрхийллээ гэж ОУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
ТЗ-ийн ерөнхий сайд Ли Чян тухайлбал, ажил хэргийн бэрхшээл саад тотгоруудыг нь арилгах замаар гадны хөрөнгө оруулалттай компаниудыг Хятадын зах зээлд улам нягт нэгтгэх бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Хятадын ТЗ-ийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн мөн форумын үеэр Эппл, Файзер, Мастеркард зэрэг гадны томоохон корпорацуудын тэргүүн нарыг хүлээн авч уулзаж, үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж бизнесийн орчин боломж нөхцөлөө улам сайжруулахаа мэдэгдэж байжээ. Энэ хүрээнд Эппл компани гэхэд Хятадтай хангамж нийлүүлэлтийн сүлжээний чиглэл дэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохирсон талаар Хятадын ОУ-ын худалдааг дэмжих зөвлөлийн дарга Рен Хонбин Эппл-ийн гүйцэтгэх захирал Тим Куктай уулзсныхаа дараа мэдэгдсэн байна. Өнгөрсөн 1сараас албандаа орсон цагаасаа Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Бээжинг синтетик мансууруулах бодис фентанилын урсгалыг хаах хангалттай арга хэмжээ авахгүй байгаад буруутгаж хятадын бүх бараанд 20 хувийн нэмэлт татвар ногдуулсан нь хоёр улсын харилцаанд нэмэлт саад тотгор бий болгосныг ажиглагчид дурддаг. 21 улсын 86 компанийн төлөөлөл чуулсан энэ жилийн энэ форумд Америкийн пүүс компаниуд хамгийн олноор очсон байгааг хятадын CCTV мэдээлсэн байна. Харин Америкийн компаниудын захирал удирдлагууд харьцангуй цөөн очсоныг эх сурвалж дурджээ.
Энд мөн Америкийн БНН-ын сенатч,Трампыг идэвхтэй дэмждэг улстөрч Стив Дэйнс Америкийн тэргүүлэх 7 компанийн захирлын хамтаар хятадын ТЗ-ийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзалт хийсэн. Энэ уулзалтаа мөн хоёр улсын удирдагч Трамп, Ши нарын уулзалтыг зохион байгуулах чухал ажлын өмнөх анхны алхам гэсэн ярилцлагыг тэрээр Бээжинд ВСЖ сэтгүүлд ярьсныг хэвлэлүүд уламжилж байна. ВСЖ мөн өмнө нь, хоёр улсын удирдагчийг ирэх 6сард хоёулангийнх нь төрсөн өдрийг давхцуулж уулзах боломжийг авч үзэж байгаа талаар нэргүй эх сурвалжуудаас иш татан мэдээлж байсныг ВП мэдээлсэн байна.
Ли Чян: БНХАУ эдийн засгаа тэлэх хүрээнд гадны бизнест нээлттэй байдлаа ахиулна | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.