
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, ой хээрийн түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийт нутгаар хуурайшилт өндөр байгаа. Баруун аймгуудад цас ихтэй байгаа учраас шар усны үерийн эрсдэл өндөр байна. Өнгөрсөн долоон хоногт зүүн аймгуудад бүртгэгдсэн хээрийн түймэр түүнийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулсан аймгийн онцгой комиссын мэдээлэл, түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд чиглэсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.
Зүүн аймгууд ой хээрийн түймрийн эрсдэлтэй байгаа учраас хөдөлгөөнт бүлгүүд болон хяналтыг цэгүүдийг ажиллуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ чиглэлийн үйл ажиллагааг нэлээд эрчимжүүлэх үүргийг холбогдох аймаг орон нутгийн онцгой комиссын байгууллагад өгсөн.
Он гарснаас хойш 28 гал түймэр бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн статистик тоо баримтыг аваад үзэхээр 46 орчим хувь нь шалтгаан эзэн холбогдогч нь тодорхой байна. Жишээлбэл хогийн цэгээс, машины яндангаас, айлын янданг ил задгай орхисон үнс нурмаас гэх мэтчилэн шалтгаанаас үүдэлтэй гал гарчээ. Харин 56 орчим хувь нь эзэн холбогдогч тодорхойгүй байна. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-оос гэр хүнсний багц, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлүүдийг эхний ээлжид хүргэж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гамшигт өртсөн айл өрхүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламжуудыг үзүүлсэн. Мөн ХХҮЕ-аас тухайн иргэдтэй уулзалт зохион байгуулж үнэлгээ хийгээд цаашид малжуулах чиглэлээр ямар төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр судалгааны ажил үргэлжилж байгаа.
Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын цас одоохондоо хайлж дуусаагүй байна. Цастай байгаа газруудаар түймэр арай бага байгаа бол бусад аймаг, хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна. Ер нь өдөр ирэх тусам түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймээс дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
Т.Баярхүү: Хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.