Шууд Chart

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2025-03-26 07:29:37

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Жендэрийн Үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Д.Энхзаяа, Б.Мөнхсоёл, С.Замира болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/, тэдгээрийн харьяа агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцов.

Хэлэлцүүлгийн зорилго нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудын ойлголт, зорилгыг нэгтгэх үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд  хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлэгчээр ажиллав.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”-ын хүрээнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин бага, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 12 хувьтай байгааг дурдлаа. Салбарын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Асрахуйн үйлчилгээний тухай хуулийн төсөл зэрэгт шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ, хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн байдлын талаар тоон судалгааг танилцуулж, хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхээс үүдэх сөрөг үр дагавар, хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй хүүхдүүдийн талаар онцоллоо. Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрилтэй холбоотой тоон мэдээллээс дурдахын зэрэгцээ уг зөрчилд ажлын байрны дарамт өндөр байгааг дурдав.

Хэлэлцүүлэг Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт- салбаруудын түвшинд” сэдвийн хүрээнд бодлогын зорилт, хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаарх илтгэлээр үргэлжилсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх А.Амарбал “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”-гаасаа танилцуулав.

Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч, Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Я.Алтантуяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Мобиком” корпорацийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” сэдвээр тус тус  илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид  илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй