Шууд Chart

Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо

2025-03-26 07:32:13

Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр боллоо.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульчдаас бүрдсэн дэд ажлын хэсгээс Арилжааны хуулийн болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг хуулийн төслүүдийн үзэл баримтлал, концепцыг боловсруулах, холбогдох судалгааг хийх ажил багагүй хугацаанд үргэлжилснийг танилцуулж, төслийг боловсруулахад ажлын хэсгээс санал, чиглэл өгч тусгуулаад, Засгийн газраар өргөн бариулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлал, онцлох зарчмуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын хэлтсийн дарга Н.Жамьянхүү, тус хэлтсийн шинжээч О.Оюунзул нар танилцуулсан юм. Арилжааны хуулийн төсөлд гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, биенес эрхлэгчдийн ашгийн төлөөх зорилгыг дэмжих, тэдний ажил үүргийн хүрээнд тогтсон заншил, түүний хэм хэмжээг хэрэглэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх болон хэрэг, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зарчмуудыг тусгасан байна. Арилжаа эрхлэгчдийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим бүртгэхээр төсөлд тусгасан бөгөөд бүртгэл нь арилжааны гэрээнд оролцогчдын хооронд харилцан итгэлцэл бий болох чухал хэрэглүүр болно гэдгийг хэлтсийн дарга Н.Жамьянхүү танилцуулгадаа онцолсон юм. Мөн арилжаа эрхлэгчийг төлөөлөх эрх, гэрээ хийсэн төлөөлөгчид тавигдах хязгаарлалтуудыг үл хэрэгсэх тохиолдлууд, арилжааны нэр, түүнийг хамгаалах, захиргааны болон бусад шийдвэр, хэрэг маргааныг шийдвэрлэх процессын үед бизнес эрхэгчийн ашиг олох зорилгыг хамгаалах зэрэг нарийвчилсан харилцааг зохицуулахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн арилжааны гэрээний харилцааг нарийвчлан зохицуулж, мөнгөн зээлийн, санхүүгийн түрээсийн, франчайз, мерчандайзын, комиссын, аялал жуулчлалын болон илгээмж, тээвэрлэлтийн зэрэг гэрээний зохицуулалтыг хуульчилахаар тусгажээ.

Хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзсэн нь онцлог болж буй бөгөөд Иргэний хуульд зааснаас илүү нарийвчилсан зохицуулалт бий болгож буйн зэрэгцээ арилжаа эрхлэгчдийн хоорондын маргааныг шийдвэрлэх илүү тодорхой нөхцлүүдийг тусгасан, уламжлалт заншлын хэм хэмжээг хэрэглэх практик хэрэглээний боломжийг бүрдүүлсэн зэрэг давуу талуудыг хуульчлах юм. Ингэснээр хувийн эрх зүйн системчлэл, хууль хэрэглээний нэгдмэл байдал илүү тодорхой болж, арилжааны маргаан үүсэх шалтгаан нөхцөл буурч, шуурхай шийдвэрлэгдэх, улмаар эдийн эдийн засгийн эргэлт сайжрах ач холбогдолтойг Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга Н.Жамьянхүү танилцуулгадаа онцоллоо.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай буюу одоогийн Дампуурлын тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөлд энэ талаарх олон улсын эрх зүйн дэвшилтэт зохицуулалтуудыг тусгасан талаар шинжээч О.Оюунзул танилцуулав. Бизнесийн байгууллага төлбөрийн үүргийг гэрээнд заасны дагуу биелүүлж чадахгүй буюу төлбөрийн чадваргүй болох үйл явцыг бүртгэж, олон нийтэд нээлттэй мэдээлэх нь тухайн компанийн бизнесийн харилцагчид, хөрөнгө оруулагчдын эрсдлийг хаах ач холбогдолтойг тэрбээр онцлоод дампуурлын харилцаа, түүний ажиллагааг илүү тодорхой болгож байгаа гэдгийг тэмдэглэв. Одоо мөрдөгдөж байгаа Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд дампуурлын 39 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний тав нь хариуцагчийн, 34 нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэнээс хариуцагч ямар хэмжээний өр төлбөрийн харилцаа үүсгэсэн, тэр нь өөрийн хөрөнгийнх хэдэн хувьтай тэнцэхүйц байсан зэргийг мэдэх боломжгүй байгаа юм. Олон улсын эрх зүйн практикт компанийн төлбөрийн чадварыг бүртгэн, төлбөр төлөлтийг зогсоох, бэлэн мөнгөний урсгалын, балансын зэрэг аргыг хэрэглэн хянадаг зохицуулалтыг нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгаж буй талаар шинжээч О.Оюунзул танилцуулгадаа дурдсан юм. Мөн дампуурлын хэрэг үүсгэх нотлох баримтын шаардлага, уг нотлох баримтыг бүрдүүлэх боломжийг хэрэгжихүйц болгож холбогдох хуультай уялдуулах, нэхэмжлэлийн шаардлага баталгаажуулах ажиллагааг боловсронгуй болгох, тусгайлсан процессыг хуульчлах, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, ажилла нөхцлийг тодорхой болгох, дампуурлы болон татан буулгах харилцааны зааг ялгааг нарийвчлан тодорхойлох, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, төлбөр төлөлтийн хуваарийг шинэчлэх зэрэг нарийвчилсан олон зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төслүүд бизнесийн харилцаанд урь өмнө зохицуулагдаагүй шинэ харилцааг зохицуулж байгаа тул дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн илэрхийлээд, ялангуяа Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль чөлөөт зах зээлийн урсгалыг нээж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. Тэрбээр Ардчилсан Намын хуульдын бүлгийг оролцуулан Арилжааны Ерөнхий хуулийн болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдэд дүн шинжилгээ хийлгэж, санал дүгнэлт боловсруулснаа дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуулийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон монополыг хязгаарлахтай холбоотой эрх зүйн харилцаатай уялдуулах, мөн дампуурахаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг хаахтай холбоотой харилцааг төслүүдэд түлхүү тусгаж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй