Шууд Chart

ЗГ: Экспортын орлого өмнөх 7 хоногийнхоос есөн хувиар өсжээ

2025-03-26 15:04:42

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна.


ЗГ: Экспортын орлого өмнөх 7 хоногийнхоос есөн хувиар өсжээ  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй