Шууд Chart

ЗГ: Таван аймгийн атар газарт тариалан эрхлэх хүсэлт ирүүлжээ

2025-03-26 15:14:30

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх юм. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болно.

Тус тогтоолоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Хөрс, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилт, 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

2025 оны эхний улиралд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

▪ Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж байна. 

▪ Хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан. Зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлснээр тариалангийн үйлдвэрлэлд хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой.

▪ Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Одоогоор таван аймгийн 63.2 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулахаар санал ирүүлжээ. 

▪ Улсын хэмжээнд нийт 34,930 тн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас  иргэн, аж ахуй нэгж өөрийн хэрэгцээнд 32257 , худалдан борлуулахаар 2673 тн үр бэлтгэсэн. ХААК дээр Үрийн улаанбуудайн нөөц 9134,52 тонн байснаас 3268.87  тонн борлуулж,  5865.65 тн үлдэгдэлтэй байна. 18199 тн үрийн төмс бэлтгэснээс өөрийн хэрэгцээнд 6853 тн, худалдан борлуулахаар 11692 тн үр бэлтгэсэн дүн мэдээтэй байна.

▪Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлэхэд 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.


ЗГ: Таван аймгийн атар газарт тариалан эрхлэх хүсэлт ирүүлжээ  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй