Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шилдэг бүлэг, тоот шалгаруулах тэмцээн эхэллээ

2025-03-27 17:41:11

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг тоот” шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд эхэллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн энэ жил Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн нэгэн хэсэг болон явагдаж буйгаараа онцлог юм. Тэмцээн энэ өдөр гарааны өмнөх буюу онолын шалгалтаар эхэлсэн ба маргааш нормативын дасгалууд, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг, саадын зурвас, буудлага зэрэг шилдэг бүлэг тоот шалгаруулах гол тэмцээнүүд явагдана.

 

Энэ жил тэмцээнд оролцогчид бэлтгэл сургалтыг ч чамгүй хугацаанд явуулсан нь даалгавар бүрийн гүйцэтгэлтээс тодорхой харагдахын сацуу маргаан гарахааргүй бүгдийнх нь нүдэнд илт тод, нээлттэй байдлаар шүүлтний оноог танилцуулж байсан нь оролцогчдын талархлыг хүлээж байв. Эх орныхоо өнцөг булан бүрээс нэгтгэл, ангиасаа шалгаран ирсэн зарим дайчны сэтгэгдлийг хуваалцахад цөмөөрөө л баяртай буйгаа уламжилж, хамт олон, дайчин нөхдөдөө медальтай буцахын төлөө хичээнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

 

Тэмцээнийг нээж Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр хэлсэн үгэндээ "Эрхэм түрүүч, байлдагч болон тамирчдаа дасгалжуулахаар ирсэн офицер, ахлагч нартаа баяр хүргэе. Анги, байгууллагаасаа шалгарч ирсэн эрхэм нөхдөөрөө бахархаж байна. Өнөөдрийн тэмцээн бол та бүхний эзэмшвэл зохих цэргийн хэргийн эрдэм мэдлэгээ хэрхэн сурсан байна вэ гэдгийг л сорьж байгаа хэлбэр" гээд эх орныхоо эр цэрэг нь болон гялалзаж яваа дайчдыг хүссэн амжилтаа гаргахыг ерөөлөө.

 

Хуурай замын цэргийн командлалаас хугацаат цэргийн алба хаагчдын ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын бэлтгэлжилтийн тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буйг ч тэрээр онцоллоо.


Хугацаат цэргийн алба хаагчдын дунд шилдэг бүлэг, тоот шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй