Шууд Chart

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо

2025-03-28 12:34:01

Манай улсын түймрийн эрсдэлтэй бүс нутгийн ангиллаар нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр 2-р бүс буюу “Аюултай” гэсэн ангилалд багтдаг.

Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн жил буюу 2024 оны байдлаар өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд  зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах ноцтой үр дагавар үүсдэг. 

2025 онд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай Улсын онцгой комиссын 2025 оны 01 албан даалгавар, БОУАӨЯ-ны сайдын А/112 тоот тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2025 оны 02 дугаар албан даалгавар гарсантай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газруудтай хамтран Нийслэлийн Байгаль орчны газрын даргын баталсан эргүүл, хяналт шалгалтын ажлыг 4 чиглэлд хуваарь гарсан байна. Үүний дагуу 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглосон байна. 

Цаашид хавар, намрын түймрийн хуурайшилтын үед иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх дараах зөвлөмжийг хүргэж байна.
  • Түймрийн аюултай улирлын үед нийслэлийн ногоон бүс орчмоор салхинд гарах, аялал зугаалгаар явахдаа байгаль хамгаалагчид мэдэгдэн “Түймрийн Баталгаа”-ны хуудастай сайтар танилцан бөглөж хэвших.
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах, түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины  цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд  халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж ажиллах
Ой хээрийн түймэр гарсныг мэдсэн  тохиолдолд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, дуудлагыг 101, 105, 72720303 дугаартай утсанд холбогдон Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй