Шууд Chart

Арал дээр буусан айл

2025-03-30 11:36:27

-Тэмдэглэл-

Уулсын дундах Хар ус нуурыг харахуй, тэнгэрийн тал газарт унасан мэт үзэсгэлэнтэй. Түмэн зүйлийн шувуу, түүчээ цэнхэр тогорууд ганганан байдаг нуурын өвлийн өнгө ямархан содон соньхон гэж санана.

Тэмээн сүрэг захаар нь ороход хоёр бөх нь үзэгддэггүй тийм өндөр зэгс, хулс уулын намуухан сэвшээнд найган, шуугин байдаг сан.

Тэр зэгсний толгой тэнгэр эрхисийг гижигдэн байна уу гэлтэй. Тэлж хөлдсөн том нуурын дээгүүр мал, амьтан өөрийн жимийг тодотгон аль нэг тийш сүлжиж амьдрал хөвөрнө.

Зэрлэг амьтад нь хүний морин замаас тусдаа арай өөр жим гаргана. Тэр жимийг харахад андашгүй, арай нарийн хэрнээ зэгс нь өөр өнгөтэй.

Зэрлэг гахай хадарсан зэгсэн шугуйд гэрийн буйрын чинээ хэд хэдэн том тойрог үүсжээ. Мөн ч хурц соётой амьтан шүү.

Шувуудын ганганаа ч үгүй нам гүмхэн нуурын зэгснээс сүрэг богширго үргэж, ганц нэг шаазгай шаг шаг дуугарч явгалан гүйнэ. Нуурын дээгүүр мөнөөх урт зэгс налан унасаар зузаан давхарга үүсэж, зөөлөн дулаан өвөл болно.

Араараа Жаргалант хайрхан дүнхийнэ. Хайрханы бараа тунгалаг хийгээд сүрдэм сайхан. Тэндээс хацар часхийлгэм хүйтэн салхи шуугин дуулан ирнэ. Хүйтэн жавраас зугтсан айлууд нуурын мөнөөх зэгсийг дэрлэн буугаад өвөлжинө.

Тарган хүрэн тэмээн сүрэг зэгсэн дундаас гарч ирэх нь зэгс нүүн хөдлөх шиг сүрдэм бараатай. Нуурын арал дээр буусан айлын утаа цэв цэнхэр өнгөтэй тул алсын хөх уулсын өнгөтэй уусан байна.

Нохойн дуу зэгсэн шугуйд "шургаж" нуурын айлууд нам гүмхэн өвөлжинө. Мал нь зэгсээ иднэ. Галаа хуурай зэгсээр бадрааж, хашаа тойрмоо мөн л зэгс шахан барьжээ.

Хөв хөх хөлдүү нуур бараадан өвөлжиж байгаа айлын дулаахныг яана. Том том цэнхэр мөс хагалан гэрийн гадаах зэгсэн тавиур дээр эгнүүлжээ.

Цай чанахдаа ч нэг тэвэр мөс оруулж ирэн тогоон дээр тавихуйд шажигнан хайлна. Хураасан мөсний цаанаас гэрийн зүг харахуй тув тунгалаг.

Малын хэвтэр, хорооны зэгс тэр хавиараа том хонхор үүсжээ. Сар алгуурхан тойрч өвлийн шөнө өнгөрч өглөө үүр цайхуйд Жаргалант хайрханы оройгоор нарны туяа алгуурхан цайрч ирнэ.

Нуур нам гүм байснаа нуурын дээгүүр давхар халиа гүйхүйд тас тас хийн хүчтэй битүү дуу тэнгэрт хадна. Айлын эзэн тэнгэрийн аашийг андахгүй сайн мэднэ. Тэнгэр дулааран цаг наашлаад ирэхээр ачлагын хэдэн тэмээгээ барьж сойно. Тэгээд нэг л өглөө уулсынхаа зүг нүүж одоход ард нь нуурын хаяа шоржигнон дуугарч жижиг жижиг горхи мэлтэгнэн үлддэг юм.

Өнөтэй сайхан цагт ч, өл тасарсан хэцүү цагт ч нуурандаа нэг өвөлжихөд ямар ч хүнд өвлийг даван туулаад л гардаг малчин түмэн минь. Зэгсэн тойром дундаа амрагийн болзоонд зогсож, зэллэх шувуу ирэхээр уярал төрөөд л явчихна даа.

Харзлан тунарсан Хар ус нуурынхаа нэгэн дууг аялж, Хар ус нуур маань ч өөрийн дуугаа шувуудын хэлээр хүүрнэн байх цаг ч юухан байх вэ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Арал дээр буусан айл  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй