Шууд Chart

Ойн сан бүхий сумдад гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж байна

2025-04-08 09:14:14

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тус аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2021-2024 онуудад зохион байгуулсан ажил, арга хэмжээний хүрээнд он гарсаар эхний хагас жилийн байдлаар гамшиг, ослын дуудлага 20 хувиар буурсан бөгөөд энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд 140 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд өвөлжиж, хаваржиж байгаа 1.769.402 толгой малаас 838.692 эх мал төллөх бөгөөд мал төллөлт 4.1 хувьтай байгаа аж. Ой, хээрийн түймрийн эрсдэл Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумын нутгаар эрсдэл их буюу аюултай түвшинд байна.

Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар ойн сан бүхий Алтанбулаг, Баянгол, Баруунбүрэн, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг сумдын нутаг дэвсгэрт гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг орон нутгийн төр, төсвийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрийн гаралт 2024 онд 39 хувиар буурчээ.

Хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэлтэй танилцсаны дараа ой, хээрийн түймэр, үер усны эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь байгаль орчин, ард иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж байгааг онцлоод урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид сайжруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

 


Ойн сан бүхий сумдад гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж байна  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй