Шууд Chart

Д.Трамп АНУ-ын батлан хамгаалахын хэрэгцээнд нэг их наяд доллар төсөвлөхөө амлажээ

2025-04-10 16:44:00

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа бараг нэг их наяд ам.долларын, түүхэнд байгаагүй өндөр батлан хамгаалахын төсөв батлахаар зэхэж байгааг мэдэгджээ.

Тэрбээр даваа гарагийн орой, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын салбар дахь томоохон төлөвлөгөөнийхөө хүрээнд ирэх 2026 оны төсөвт суулгах батлан хамгаалах зардлын тухайд ийм мэдээлэл өгсөн юм байна.

Тэрбээр энэ төсвөө урьд хожид цэрэг армид хуваарилагдаж байсан хамгийн өндөр дүнтэй нь байх болно гэдгийг тэмдэглэж, "Бид асар их хэмнэлт хийж байгаа ч арми бол бидний барьж цогцлоох ёстой зүйл, эргэн тойронд муу хүчнүүд их байгаа учир бид хүчтэй байх ёстой” гэж ярьжээ. Нэг их наяд долларын батлан хамгаалахын төсөв гэдэг нь одоогийн санхүүгийн жилд төсөвлөгдсөн 892 тэрбум долларын зардалтай харьцуулахад бараг 12 хувиар өссөн дүн болох юм.

Энэ өндөр дүнгийн нэг хэсгийг гэхэд тухайлбал, Засгийн газрын үр ашигтай ажиллагааг хангах агентлагийн гаргаж ирсэн хэмнэлтийн дүнд гаргаж авна гэж Трамп ярьсан байна.

Гэхдээ ямар нэг тооцоо дүгнэлт дурдаагүй байна. Мөн энэ мөнгө дан Пентагоны эсвэл бусад яам, агентлагийг багтаасан үндэсний батлан хамгаалахын салбарын төсөв байх уу гэдгийг тодруулаагүй байна.

Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Пентагон болон армийн дээд удирдлагуудад ойрын 5 жилд батлан хамгаалахын төсвийг жил тутам 8 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулахыг даалгасан тухай өнгөрсөн хоёрдугаар сард ВП сонин мэдээлж байсан.

Гуравдугаар сарын сүүлчээр мөн ВП сонин Пит Хегсетийг батлан хамгаалах яамны тулгамдсан зорилтуудыг жагсаасан, стратегийн түр удирдамж тараасан гэж мэдээлсэн юм байна.

Тэнд нь, Хятад улсыг хамгийн гол том аюулд тооцож, Оросыг тогтоон барих үүргийг харин Европын холбоотнуудын хариуцах ажил хэмээн орхихоор заажээ.

Үүний зэрэгцээ Америкийн цэргийн зардал нэг их наяд доллар болголоо ч НАТО-гийн орнуудад Трампын тавьж байсан ДНБ-ий 5 хувьд хүргэх зорилтод хүрэхгүй юм байна.

Америкийн Цагаан ордны албаныхан ирэх 10 дугаар сарын 1-нээс эхлэх дараагийн 2026 оны төсвийн бүрэн төлөвлөгөөгөө энэ хаврын сүүлчээр албан ёсоор танилцуулах ёстой юм байна.

АНУ-ын БНН-ынхны хувьд далайн чанадаас заналхийлж байгаа аюул, ажиллагааны хэрэгцээ шаардлагыг харгалзаж батлан хамгаалахын зардлыг нэмүүлэхээр олон жилийн туршид зүтгүүлж ирсэн байдаг.

Үүний зэрэгцээ тэд холбооны төсвийн тэнцлийг хангах үүднээс Засгийн газрын зардлыг танах, мөн жирийн иргэдийн татварын дарамтыг бууруулахад уриалдаг. Батлан хамгаалахын зардлыг өсгөх нь тус намынхны энэ байр суурьтай зөрчилдөх магадлалтайгаас гадна батлан хамгаалахаас бусад салбар чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг ихээхэн танахгүй л бол холбооны төсвийн алдагдал нэмэгдэх нэг үндэс болж мэдэхийг шинжээчид хэлж байна.

АН-ын хууль тогтоогчид харин энэ мэт зардал танахыг шүүмжилдэг боловч энэ удаад ТТ болон сенатад хоёуланд нь цөөнх учир төсөвт хориг саад учруулах боломж багатай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Трамп АНУ-ын батлан хамгаалахын хэрэгцээнд нэг их наяд доллар төсөвлөхөө амлажээ   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй